Миний тохиргоо

Сиднейд цахилгаан дугуйгаар эмэгтэйчүүдэд халдсан 13 настай хүүг баривчлав

Австралийн Сидней хотын умард эргийн явган хүний зам дагуу эмэгтэйчүүдийн биед халдсан 13 настай хүүд эрүүгийн хэрэг үүсгэсэн талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Сэжигтэн хүү цахилгаан дугуй унаж явахдаа 13-аас 54 насны охид, бүсгүйчүүдийн биед зөвшөөрөлгүй хүрсэн 8, олон нийтийн газар зохисгүй авирласан 3 зүйл ангиар буруутгагдаад байна.

Шинэ Өмнөд Уэльс мужийн цагдаа нарын мэдээлснээр хэрэг явдал 10 дугаар сарын эхээр Наррабийн бүсийн явган хүний замуудад гарчээ. Тодруулбал, 10 дугаар сарын 1-ний 16:30 цагийн орчимд нэгэн эмэгтэйн биед халдсан бол 7 болон 8-ны өдрүүдэд гурван тусдаа тохиолдол бүртгэгдсэнээр мөрдөн шалгах ажиллагаа эхэлсэн аж.

Түүнчлэн өнгөрсөн даваа гарагийн 17:00-17:30 цагийн хооронд Филаронг дархан цаазат газрын ойролцоо хоёр эмэгтэйд мөн ийм байдлаар халдсан гомдол цагдаад ирсэн байна. Сэжигтэн цахилгаан дугуйтайгаар эмэгтэйчүүд рүү ойртон биед нь хүрч, зарим тохиолдолд бэлгийн шинжтэй зохисгүй үг хэлээд зугтдаг байсныг хууль сахиулагчид тогтоожээ.

Хэргийг шалгахаар мужийн бэлгийн гэмт хэрэгтэй тэмцэх албаны дэмжлэгтэйгээр ажлын хэсэг байгуулан, сэжигтний хяналтын камерын зургийг нийтэд цацсан юм. Үүний үр дүнд сэжигтэн өнгөрсөн бямба гарагийн 19:30 цагт цагдаагийн газарт ирж баривчлагдсан бөгөөд 11 дүгээр сарын 4-нд хүүхдийн шүүхэд дуудагдах нөхцөлтэйгөөр батлан даалтад гарчээ.

The Guardian AustraliaThe Guardian Australia · Эх сурвалж