Чехийн Үндсэн хуулийн цэц сайн дураараа бэлгийн үйлчилгээ үзүүлж олсон орлогыг бусад хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн адил албан татварт хамруулах ёстой гэсэн эцсийн шийдвэр гаргалаа.
Уг маргаан нь 2013 болон 2014 онуудад бэлгийн үйлчилгээ үзүүлж олсон орлогоосоо 900,000 гаруй чех кроны нөхөн татвар төлөх үүрэг хүлээсэн нэгэн эмэгтэйн гомдлоос үүдэлтэй юм. Гомдол гаргагч шүүхийн өмнөх шатуудад ялагдсаны эцэст ийнхүү Үндсэн хуулийн цэцэд хандсан тухай Новинки агентлаг мэдээлэв.
Нэхэмжлэгч эмэгтэй биеэ үнэлэх үйл ажиллагаанаас татвар авах нь төрийг зуучлагч, завхайрлыг өөгшүүлэгч болгож байна хэмээн мэтгэж, Чехийн хуулиар бэлгийн мөлжлөг, зуучлалыг эрүүгийн гэмт хэрэгт тооцдог болохыг сануулжээ.
Харин Үндсэн хуулийн цэц түүний тайлбарыг няцааж, татвар хураалт нь төсвийн ачааллыг иргэдэд шударга хуваарилах үндсэн зорилготой болохоос бус бусдын хөдөлмөрөөр ашиг олох үйлдэл биш гэж үзэв. Түүнчлэн татвар ногдуулах нь тухайн салбарыг төрийн зүгээс ёс суртахууны хувьд дэмжиж, албан ёсоор зөвтгөж байгаа хэрэг биш гэдгийг шүүгчид цохон тэмдэглэлээ.
Шүүхийн тогтоолын дагуу уг орлого нь жүжигчин, тамирчин, загвар өмсөгч, цахим платформд контент байршуулагчдын адил чөлөөт уран бүтээлч, хувиараа бизнес эрхлэгчийн орлогын ангилалд багтаж байна. Бэлгийн үйлчилгээ эрхлэгчдийг татвараас чөлөөлөх нь бусад татвар төлөгчдийг ялгаварлан гадуурхаж, санхүүгийн шударга ёсыг алдагдуулна хэмээн шүүх тайлбарлав.
Энэхүү шийдвэр нь биеэ үнэлэхтэй холбоотой бүх харилцааг бүрэн хуульчилж байгаа хэрэг биш бөгөөд зөвхөн сайн дурын үндсэн дээр олсон орлогыг бусад хөдөлмөр эрхлэгчдийн адилаар тайлагнаж, хуулийн дагуу татвар төлөхийг баталгаажуулсан хэрэг боллоо.


