Чех улсын хамгийн том албан ёсны LEGO дэлгүүр аравдугаар сарын 22-ны пүрэв гарагт Прага хотын Na Příkopě гудамжинд албан ёсоор нээгдлээ. Нийт 496 метр квадрат талбай бүхий хоёр давхар уг дэлгүүр нь худалдааны бүсээс гадна интерактив тоглоомын хэсэг, бүтээлч орчин болон Чехийн нийслэлээс сэдэвлэсэн олон төрлийн үзүүлэн үзмэрийг цогцлоожээ.
Дэлгүүрийн үүдэнд зочдыг 'Ahoj Praha' (Сайн байна уу, Прага) гэсэн бичиг, 23 дугаартай трамвайн загвар угтдаг байна. Мөн арслан, IV Карл эзэн хаан болон Прагийн уламжлалт дэнлүү асаагчийн баримлуудыг LEGO тоосгоор урлан байрлуулжээ.
Эхний давхарт төрөл бүрийн LEGO иж бүрдлүүд болон шилэн хоргонд байрлуулсан загвар, баримлуудыг дэлгэсэн байна. Эдгээр өвөрмөц үзмэрүүдийг бүтээхэд Кладно дахь LEGO үйлдвэрийн ажилтнууд гар бие оролцон ажиллажээ. Мөн тус давхарт зул сарын баярт зориулсан тоглоомын бүс байрлах бөгөөд хүүхэд, томчууд LEGO-гоор өөрсдийн чимэглэлийг бүтээж, тусгайлан бэлтгэсэн гацуур модонд өлгөх боломжтой аж.
Түүнчлэн зочдод ямар нэгэн зааваргүйгээр өөрсдийн хүссэн зураглалыг чөлөөтэй бүтээх зориулалттай тусгай LEGO ханыг бэлтгэжээ. Хоёрдугаар давхар руу гарах шатны хананд хотын ерөнхий төрх болон Прагийн шилтгээнийг харуулсан зургуудыг байрлуулсан байна. Дээд давхрын интерактив талбайн гол үзмэр нь Прагийн алдарт Одон орны цагны гурван метр өндөр LEGO хувилбар болж байна.


