Ромын Пап уушгины хавдрын хагалгаанд амжилттай орлоо

Ромын Пап XIV Лео уушгины хавдартай болох нь тогтоогдож, Ром хотын 'Жемелли' эмнэлэгт баруун уушгины доод хэсгээ тайруулах мэс засалд амжилттай орсон тухай Ватикан эмнэлгийн мэдэгдэлдээ дурджээ. 71 настай тэргүүн 90 минут үргэлжилсэн хагалгааны дараа уушгины аденокарцинома буюу булчирхайлаг эсийн хорт хавдартай болох нь батлагдсан байна. Мэс засал амжилттай болж, тэрээр хэвийн сэргэн тус эмнэлгийн 10 дугаар давхар дахь өрөөндөө ажиглалтын дараа шилжсэн талаар албан ёсны мэдэгдэлд онцоллоо.

Энэхүү хавдрын зангилааг тогтмол үзлэгийн үеэр эрт үе шатанд нь илрүүлсэн аж. Пап өнгөрсөн ням гарагт Гэгээн Петрийн талбайд цугласан олонд хандаж үг хэлэхдээ уушгинд нь үүссэн жижиг хэсгийг эмч нар авах зөвлөмж өгснийг өөрөө анх олон нийтэд зарласан юм. Ерөнхийдөө биеийн байдал сайн, өвчний ямар нэг шинж тэмдэг илрээгүй байсан ч эмч нар мэс заслын аргаар авсан эдийг шинжилснээр өвчнийг бүрэн тогтоосон байна.

XIV Леог эмнэлэгт ирэх үед гадаа нь олон зуун сүсэгтэн цугларан түүнд эрүүл энхийг хүсэж байв. Эмнэлгийн ажилтнууд болон дэмжигчдэдээ тэрээр инээмсэглэн гараа даллан хариу барьсан байна. Ватиканы Төрийн нарийн бичгийн дарга кардинал Паролин энэ мэдээ гэнэтийн цохилт болсныг хүлээн зөвшөөрсөн ч Пап маш тайван, сэтгэлийн тэнхээтэй байгаа тул бүрэн эдгэрнэ гэдэгт итгэлтэй байгаагаа сэтгүүлчдэд илэрхийлжээ.

Пап биеэ хурдан тэнхрүүлэхийн тулд хагалгааг аль болох эрт хийлгэхээр шийдсэн талаар Токиогийн кардинал Кикучи Тарчисио Исао мэдээлсэн байна. Учир нь тэрээр арваннэгдүгээр сарын эхээр Латин Америк, тэр дундаа олон жил номлогч, хамба ламаар ажиллаж байсан Перу улсад айлчлахаар төлөвлөөд байгаа юм. Одоогоор Ромын Папын албан ёсны уулзалт, арга хэмжээний хуваарийг аравдугаар сарын 20-ныг хүртэл бүрэн чөлөөлж, тэнхрэх хугацаа олгоод байна.

BBC NewsBBC News · Эх сурвалж