ХБНГУ ‘Умард урсгал’ хоолойг дэлбэлсэн хэрэгт сэжиглэгдсэн Украин эрийг шүүж эхэллээ

Балтийн тэнгисийн Борнхольм арлын ойролцоо 2022 оны есдүгээр сарын 26-ны өдөр уснаас их хэмжээний метан хий бургилан гарч буй агаарын гэрэл зураг дэлхий даяар түгэж байв. Оросоос Герман руу чиглэсэн 'Умард урсгал 1' болон 'Умард урсгал 2' хийн хоолойн дөрвөн салбарын гурвыг үл мэдэгдэх этгээдүүд дэлбэлсэн юм. Москва Украинд бүрэн хэмжээгээр цөмрөн орсноос хойш долоон сарын дараа гарсан уг халдлага нь хоёр тал олон тэрбумын хөрөнгө оруулалт хийсэн, Герман улсыг хямд эрчим хүчээр хангаж байсан аварга төслийн төгсгөл болсон билээ.

Уг хэрэгт холбогдуулан Украины иргэн Сергей К.-г аравдугаар сарын 14-нөөс эхлэн Германы хойд нутгийн Хамбург хотын дээд шүүхэд шүүж эхэллээ. Түүнийг 2025 оны наймдугаар сард Европын баривчлах захирамжийн дагуу Италид саатуулж, улмаар Герман руу шилжүүлэн өгсөн юм. Прокурорууд түүнийг иргэний эрчим хүчний дэд бүтцэд халдсан дайны гэмт хэрэгт хамсаатнаар оролцсон, нийтийн үйлчилгээг тасалдуулсан, дэлбэрэлт үүсгэж байгууламж сүйтгэсэн хэмээн буруутгаж байна.

Энэхүү хэрэгт Украины иргэн холбогдсон нь улс төрийн хувьд онцгой эмзэг сэдэв болоод байна. Герман улс Оросын түрэмгийллийн дараа Украинд цэрэг, санхүү, хүмүүнлэгийн тусламж үзүүлж, 1.3 сая орчим дүрвэгчийг хүлээн авсан билээ. Хэдийгээр Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский тус хоолойн халдлагад өөрийн улс ямар ч оролцоогүй бөгөөд албан ёсоор ямар нэгэн ажиллагаа явуулаагүй гэдгийг дахин дахин мэдэгдсээр байгаа ч Германы дотоодод маргаан улам ширүүсэв.

Германы баруун жигүүрийн 'Германы төлөөх хувилбар' (AfD) болон зүүний популист 'Сахра Вагенкнехтийн холбоо' (BSW) намууд Киевийг дэмжихээ зогсоож, Оростой харилцаагаа сэргээн, хийн хоолойг засаж эрчим хүч авахыг шаардаж байна. AfD-ын хамтран дарга Алис Вайдель 2026 оны эхээр хэлэхдээ, эрх баригчид хоолойн хохирол болон засварын мөнгийг Киевээс нэхэмжлэх ёстой хэмээн мэдэгдсэн бол BSW-ийн Сахра Вагенкнехт тус улсад тэрбум тэрбумаар нь тусламж цутгаж байгаа хэрнээ хариуцлага нэхэхгүй байгааг шүүмжилсэн юм.

Харин шинжээчид болон зарим улс төрчид өөр байр суурьтай байна. Германы Гадаад харилцааны зөвлөлийн шинжээч Хеннинг Хофф тухайн үед Орос улс нийлүүлэлтээ тасалж Герранд шахалт үзүүлж байсныг сануулаад, дэлбэрэлтийн дараа байгалийн хийн үнэ буурсан тул энэ нь Германы ашиг сонирхолд нийцсэн гэж үзжээ. Түүнчлэн Христийн Ардчилсан Холбоо (CDU) намын хууль тогтоогч Родерих Кизеветер Киевийн оролцоо нотлогдсон ч дэмжлэгээ зогсоох учиргүй бөгөөд энэ нь чөлөөт Европ болон Германы үндэсний аюулгүй байдлын асуудал гэдгийг онцолсон байна.

Гэсэн хэдий ч Германы олон нийтийн дунд Украинд зэвсэг нийлүүлэх дэмжлэг буурч, дотоодын улс төрийн хуваагдал гүнзгийрсээр байна. AfD нам есдүгээр сард болсон зүүн мужуудын парламентын сонгуулиар өндөр амжилт үзүүлж, Канцлер Фридрих Мерцийн CDU намаас илүү гарч бүх нийтийн санал асуулгыг тэргүүлж байгаа юм. Ийм нөхцөлд Хамбург хотод эхэлсэн шүүх хурлын үр дүн Германы засгийн газрын гадаад бодлого болон Украинд үзүүлэх цаашдын дэмжлэгт шууд нөлөөлөхөөр байна.

Deutsche Welle GermanyDeutsche Welle Germany · Эх сурвалж