Казахстанд энэ оны арваннэгдүгээр сард ер бусын дулаан цаг агаар тогтож, нийслэл Астана болон Алматы хотын дундаж температур олон жилийн хэм хэмжээнээс мэдэгдэхүйц давлаа. Арваннэгдүгээр сарын эхний 20 хоногийн байдлаар Астана хотод агаарын дундаж температур нэмэх 1.3 хэм заасан нь олон жилийн дунджаас 5 хэмээр илүү үзүүлэлт болов. Харин Алматы хотод дундаж дулаан 7.2 хэмд хүрсэн нь уур амьсгалын хэвийн түвшнээс 3.1 хэмээр өндөр байсныг уур амьсгал судлаачдын тоо баримтаас эш татан мэдээллээ.
Өнгөрсөн сарын эхээр бүс нутгуудад өдрийн дулааны дээд хэмжээ шинэчлэгдсэн байна. Тодруулбал, арваннэгдүгээр сарын 6-нд Астана хотод агаарын температур нэмэх 13.5 хэмд хүрсэн бол арваннэгдүгээр сарын 9-нд Алматы хотод нэмэх 22.3 хэм хүрч дулаарчээ. Байгаль орчин, уур амьсгалын хяналтын төвийн мэргэжилтнүүдийн тайлбарласнаар Иран болон Арабын хойгоос Казахстаны хойд хэсэг рүү чиглэсэн дулаан агаарын урсгал орж ирсэн нь дулааралтын гол шалтгаан болжээ. Энэхүү агаарын урсгал нь Хойд мөсөн далайн хүйтэн массыг түрснээс гадна дэлхийн дулаарал үүнд томоохон нөлөө үзүүлсэн байна.
Судалгаанаас үзэхэд 1950 оноос хойш арваннэгдүгээр сарын дундаж температур арван жил тутамд Астанад 0.63 хэмээр, Алматыд 0.52 хэмээр нэмэгдсэн байна. Сүүлийн тэмдэглэгдсэн өвөрмөц дулаарлын үеэр улсын хэмжээнд агаарын дундаж хэмжээ ердийнхөөс 8.74 хэмээр өндөр гарсан нь хамгийн дулаан үзүүлэлт болсон бөгөөд нийт 193 цаг уурын өртөөнд сарын дулааны дээд амжилт шинэчлэгджээ.
Казгидромет цаг уурын хүрээлэнгийн урьдчилсан төлөвөөр ирэх өвлийн улирал мөн дулаан байх магадлалтай байна. Арванхоёрдугаар сарын агаарын хэм хэмжээнээс хоёр хэмээр дулаан байх бол нэгдүгээр сард 1-2 хэмээр, хоёрдугаар сард 1-3 хэмээр дулаан байх төлөв гарчээ. Үүнээс гадна зарим нутгаар арванхоёр болон хоёрдугаар сард хур тунадас ердийнхөөс ахиу орохоор байна. Номхон далайн халуун бүсийн усны дулаарал буюу Эль Ниньо үзэгдэл нь өвлийн болон хаврын саруудад Казахстаны өмнөд, зүүн өмнөд хэсгийн хур тунадасны хуваарилалтад нөлөөлж болзошгүй гэж мэргэжилтнүүд онцоллоо.


