Шатрын спортын түүхэн дэх хамгийн залуу дэлхийн аваргын төлөөх халз тоглолт арваннэгдүгээр сарын 24-нд Женев хотноо эхэллээ. Тус тэмцээнд дэлхийн аварга, Энэтхэгийн 20 настай их мастер Гукеш Доммаражу болон Узбекистаны залуу шатарчин Жавохир Синдаров нар өрсөлдөж байна.
Нээлтийн ажиллагааны үеэр Олон улсын шатрын холбоо (FIDE) болон Казахстаны шатрын холбооны ерөнхийлөгч Тимур Турлов хэлсэн үгэндээ, Казахстан улс олон улсын санаачилга, томоохон тэмцээнүүд зохион байгуулах замаар дэлхийн шатрын бодлогыг тодорхойлоход чухал нөлөө үзүүлж буйг онцоллоо. Тэрбээр 'Өнөөдөр Казахстан дэлхий даяар шатрыг хөгжүүлэх үйлсэд улам их хариуцлага үүрч байна' хэмээн мэдэгдсэн байна.
Түүнчлэн Турлов шатрыг дипломат харилцааны бүх нийтийн хэл хэмээн тодорхойлж, нээлтийн ёслолыг Женев дэх Нэгдсэн Үндэстний Байгууллагын байранд зохион байгуулсан нь онцгой ач холбогдолтойг дурдав. Уг арга хэмжээг Женев дэх НҮБ болон олон улсын бусад байгууллагын дэргэдэх Казахстаны Байнгын төлөөлөгчийн газар дэмжин ажиллажээ.
Мартин Бодмерын санд болсон халз тэмцээний эхний өрөг гурван цаг 37 минут үргэлжилсний эцэст тэнцээгээр өндөрлөв. Нийт 14 өрөг явагдах энэхүү дэлхийн аваргын тэмцээн нь 2.5 сая ам.долларын шагналын сантай юм.
Хоёр дахь өрөг арваннэгдүгээр сарын 25-нд явагдах бөгөөд Гукеш цагаан хүүгээр тоглоно. Хэрэв үндсэн өргүүдийн дараа оноо тэнцвэл аваргын хувь заяаг арванхоёрдугаар сарын 12-нд тай-брейкээр шийдвэрлэх хуваарьтай байна.


