Австралийн санхүү, бизнесийн салбарт голлох үүрэг гүйцэтгэдэг аудитын 'Их дөрөв' буюу Deloitte, EY, PricewaterhouseCoopers (PwC), KPMG компанийн ажилтнууд удирдлагаа ажлын баримтыг хуурамчаар үйлдсэн, зөрчлийг нуун дарагдуулсан, шалгалтын дүгнэлтийг будлиантуулахыг завдсан хэмээн буруутгажээ. Австралийн Үнэт цаас, хөрөнгө оруулалтын хороо (Asic) лхагва гарагт нийтэлсэн тайландаа эдгээр байгууллагад иж бүрэн шинэчлэл хийхийг шаардсан байна. Энэ үеэр холбооны засгийн газар аудитын фирмүүдэд тавих хяналтыг чангатгах шинэ журмыг боловсруулж байна.
Хяналтын байгууллага 2023 оноос хойш ирсэн гомдлуудыг нягтлан үзээд мэргэжлийн ёс зүй зөрчсөн 35 томоохон зөрчлийг тогтоов. Ажилтнууд бодит нотолгоогүйгээр тоо баримтыг бүртгэх, огт хийгээгүй шалгалтыг хийсэн мэтээр тэмдэглэх, төөрөгдүүлсэн баримт ашиглах зэрэг зөрчлийг хамгийн түгээмэл гаргажээ. Түүнчлэн нууцлал задруулах, шалгалтын буруу зааварчилгаа өгөх, аудитын эцсийн үр дүнг зориудаар өөрчлөхийг завдсан тохиолдлууд бүртгэгдсэн бол дээрэлхэх, бэлгийн дарамт учруулахтай холбоотой өөр 523 гомдол ирсэн байна.
Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй бараг бүх томоохон аж ахуйн нэгжийн санхүүгийн тайланг эдгээр дөрвөн компани хуулийн дагуу баталгаажуулдаг тул аудитын чанар эдийн засагт өндөр ач холбогдолтой юм. Гэвч Asic-ийн шалгалтаар компаниуд дотоод гомдлыг шийдвэрлэхдээ зөвхөн хүний нөөцийн түвшинд хандаж, нэг аудитад илэрсэн ноцтой алдаа өөр шалгалтуудад давтагдсан эсэхийг судалж үзээгүй нь тодорхой болов. Мөн зөрчлийн талаар мэдээлсэн шударга ажилтнуудыг дарамтлах, хавчих явдал гарч байсныг тайланд цохон тэмдэглэжээ.
Түүнчлэн дээрх компаниуд Asic-ийн шалгалтад саад учруулж, хуулийн давуу эрхээр далайлган баримт материалыг өгөхөөс татгалзах, эцсийн хугацааг хойшлуулах зэрэг хандлага гаргасныг зохицуулагч шүүмжлэв. Энэ байдал хяналтын байгууллагаас удирдлагуудад нь шууд албан бичиг илгээсний дараа л нааштай болж өөрчлөгдсөн байна. Парламентын сенатор Дебора О'Нил уг тайланг аудитын салбарын бүтэлгүйтлийн ичгүүртэй жагсаалт гэж нэрлээд, асуудал хэдхэн ажилтанд бус тогтолцоондоо байгааг анхааруулав.
KPMG компанийн хувьд үйлчлүүлэгчийн нууц мэдээллийг зүй бусаар түгээж, гомдол гаргасан ажилтнаа үндэслэлгүй халсан дуулианаас үүдэн гүйцэтгэх захирал болон удирдах зөвлөлийн дарга Мартин Шеппард нар албан тушаалаасаа огцорсон юм. Австралийн засгийн газар уг дуулианы дараа KPMG-тэй байгуулсан гэрээг ирэх гуравдугаар сар хүртэл зогсоосноор тус компани 31 сая долларын орлогоо алдаж, хэдэн зуун ажлын байрыг цомхотгожээ.
Энэхүү хяналт шалгалтын дараа PwC компани хяналтын механизмыг чангатгахыг дэмжиж буйгаа илэрхийлсэн бол Deloitte болон EY гомдол хүлээн авах дотоод системээ хэвийн ажиллаж байгааг мэдэгдэв. Албанезийн засгийн газар өнгөрсөн долоодугаар сард эдгээр дөрвөн томоохон фирмийг Asic-ийн шууд хараа хяналтад оруулах шинэчлэлийн төслийг хэлэлцүүлж эхэлсэн бөгөөд албан ёсны шийдвэрийг тун удахгүй танилцуулахаар бэлтгэж байна.


