Берлиний их сургуулийн кино урлагийн хоёр оюутан их сургуулийн төгсөлтийн ажлаараа 'Батти' нэртэй богино хэмжээний анимейшн бүтээл хийж, 2023 онд цахим орчинд тавьжээ. Гэрийн ажлаа сайн хийж чадаагүйн улмаас хаягдаж буй роботын тухай өгүүлдэг энэхүү бүтээл богино хугацаанд олон сая үзэгчдэд хүрсэн юм. Улмаар найруулагч Мориц Хеннеберг болон Юлиус Дрост нар уг бүтээлээ олон улсын наадмуудад илгээхээр шийдсэн боловч наадмын зохион байгуулагчид бүтээлийг аль хэдийн өөр нэрээр бүртгүүлсэн тухай мэдэгдэж тэднийг цочирдуулав.
АНУ-ын оюутан Сэмюэл Фелинтон уг бүтээлийг YouTube тавцангаас татан авч, бага зэрэг засвар оруулан 'Т-130' гэсэн шинэ нэр өгчээ. Тэрбээр жинхэнэ уран бүтээлчдийн нэрсийг бүрэн хасаж, өөрийгөө зохиогч хэмээн олон улсын болон дотоодын хэд хэдэн нэр хүндтэй кино наадмаас шагнал хүртэн нэрд гарсан байв. Уг хулгайн хэргийн талаар мэдсэн герман найруулагчид хуульчдаас зөвлөгөө авсан боловч шүүхээр маргах үйл явц ихээхэн хөрөнгө мөнгө, урт хугацаа шаардана гэдгийг ойлгожээ. Иймээс тэд асуудлыг бүтээлчээр шийдэж, хулгайчтай биечлэн нүүрэлдэн баримтат кино бүтээхээр АНУ-ыг зорьсон түүхтэй.
Герман уран бүтээлчид Нью-Йоркийн кино багийнхны тусламжтайгаар залуу анимейшн бүтээгчдийн тухай кино хийж байгаа мэтээр хандаж, Фелинтоны амьдардаг Баруун Виржини муж улсын Моргантаун хотод очин итгэлийг нь олж авчээ. Хеннеберг, Дрост нар өрөөнд түүнтэй нүүр тулах үед Фелинтон сандарч тэвдэх, уурлах гэх мэт ямар ч сэтгэл хөдлөл гаргаагүй бөгөөд бүтээлийг нь өөрөө сайжруулан амжилтад хүргэсэн гэж тайвнаар тайлбарласан байна. Тэрбээр авсан шагналын мөнгөө шилжүүлж, цомуудаа буцааж өгөхийг зөвшөөрсөн төдийгүй уулзалтын дараа залуус хамтдаа мах шарж идэж, сагсан бөмбөг тогложээ.
Киноны нэрийг зохиомол хувиар бусдын дүрд хувирдаг дүр бүхий алдарт бүтээлээс сэдэвлэн 'Авьяаслаг ноён Ф.' хэмээн нэрлэсэн бөгөөд Германд 2025 оны аравдугаар сард нээлтээ хийсэн юм. Хулгайлагчийг шүүхэд өгөхөөс татгалзаж, хүндэтгэлтэй хандсан найруулагчдын арга барилыг зарим үзэгч хэт зөөлдсөн гэж шүүмжилсэн бол зарим нь зөрчлийг тайван замаар шийдвэрлэх цоо шинэ гарц гэж сайшаажээ. Залуу найруулагчид 'Хэрэв Пиксар шиг том студи бидний ажлыг хулгайлсан бол өөр хэрэг байх байсан. Харин энэ тохиолдолд олон нийтийн өмнө шившиг болгохыг хүсээгүй, баримтат киногоороо дамжуулан үнэнийг илчлэх нь хамгийн том хариу үйлдэл байсан' хэмээн тайлбарлав.
Уг бүтээл цацагдсаны дараа анхны анимейшн богино хэмжээний кино нь цахим орчинд дахин эрчтэй түгэж, нэр хүнд нь өсжээ. Тэд 'Батти' бүтээлээ YouTube-д дахин оруулахдаа төгсгөлийн талархлын жагсаалтад Сэмюэл Фелинтоны нэрийг ёжтойгоор нэмсэн байна. Тус баримтат кино нь Германы телевизийн салбарын нэр хүндтэй Гриммийн шагнал хүртэж байсан бөгөөд 2026 оны сүүлчээр Олон улсын 'Эмми' наадмын шилдгээр шалгарч, уран бүтээлчид нь дэлхийн тавцанд хүлээн зөвшөөрөгдлөө.
Залуу найруулагчид өөрсдийн бүтээлийг цахим сүлжээнд нийтэлж олон нийтэд хүргэсэндээ харамсдаггүй бөгөөд үүнийг аливаа контент бүтээгчийн үүрэх эрсдэл гэж үздэг. Тэд залуу уран бүтээлчдэд хандан 'Бүтээл хулгайд алдагдах эрсдэл байдаг ч үүнээс бүү сүрд. Шүүхээр явах нь цаг хугацаа, зардал ихтэй байдаг тул хулгайтай бүтээлч арга барилаар тэмцэж, өөрсдийн жинхэнэ зохиогч гэдгийг дэлхий дахинд батал' хэмээн уриалжээ.


