Их Британид 'Бяцхан Бристоль' нэрээрээ танигдсан Барбадосын Спейтстаун хот Английн Бристоль хоттой ах дүүгийн найрамдалт харилцаа тогтоох гурван жилийн хугацаатай санамж бичиг байгуулав. Энэхүү түншлэл нь Атлантын далай дамнасан боолын худалдаанд үндэслэсэн олон зуун жилийн түүхэн харилцаанд шинэ хуудас нээж байгаа бөгөөд Барбадосын зүгээс хэрэгжүүлж буй түүхэн хохирлыг нөхөн сэргээх бодлогын чухал алхам болж байна.
Баасан гарагт Бристолийн захиргааны байранд зохион байгуулсан ёслолын үеэр Барбадосын Хөдөлмөрийн сайд Колин Жордан болон Бристоль хотын зөвлөлийн дарга Тони Дайер нар хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурлаа. Спейтстаун нь Барбадосын хоёр дахь том хот бөгөөд XVII-XVIII зууны үед боолчлогдсон африкчуудын тариалсан элсэн чихрийг Бристоль руу тээвэрлэдэг гол боомт байсан түүхтэй.
Хамтын ажиллагааны санамж бичигт шууд санхүүжилт тусгаагүй ч соёлын өв, боловсрол, аялал жуулчлал, бүтээлч эдийн засгийн салбарт хамтран ажиллах хүрээг тодорхойлжээ. Сайд Колин Жордан хохирлыг нөхөн төлөх асуудлыг олон их наяд ам.долларын нэхэмжлэлээс илүүтэй алхам алхмаар, бодит үр дүнд хүрэх замаар шийдвэрлэх нь зүйтэй гэдгийг онцлов. Тэрбээр 'Нэг дор үхрийн толгой авахыг хүлээснээс өдөр бүр хонины толгой хүртсэн нь дээр' гэх Барбадосын зүйр үгийг эш татаж, хоёр хотын сургууль, их сургуулиудын солилцоо болон спортын хамтын ажиллагааг эхлүүлэхээр төлөвлөж байгаагаа дурдсан байна.
Бристоль хотын зөвлөлийн дарга Тони Дайер хоёр хотын өнгөрсөн түүхийг ил тод, шударгаар хүлээн зөвшөөрөх нь ирээдүйн харилцааг бэхжүүлэх суурь болно гэдгийг мэдэгдэв. Түүний хэлснээр, эл гэрээ нь зөвхөн цаасан дээр үлдэх биш, харин иргэд хоорондын бодит ойлголцлыг гүнзгийрүүлэх хөшүүрэг болох ёстой аж. Бристоль хот үүнтэй ижил загвараар Украины Одесса хоттой мөн санамж бичиг байгуулан ажиллаж байна.
Ёслолын ажиллагаанд оролцсон Барбадосоос Их Британид суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт төлөөлөгч Эдмунд Хинксон тус хот түүхэн үүргээ бодитоор хүлээн зөвшөөрснийг өндрөөр үнэллээ. Тэрбээр 1650 оны Барбадосын боолын хууль нь хар арьст хүмүүсийг эд хөрөнгө хэмээн тодорхойлж, улмаар Карибын тэнгис болон Америк даяар тархсаныг сануулав. Түүнчлэн 1834 онд 46,000 боол эзэмшигчид олгосон нөхөн төлбөрийн өрийг Их Британийн татвар төлөгчид 2015 он хүртэл төлж барагдуулсан баримтыг онцолсон юм.
Спейтстаун хотын хувьд өмнө нь 2003 онд Их Британийн Рединг, мөн АНУ-ын Чарлстон хоттой найрамдалт харилцаа тогтоож байжээ. Энэхүү шинэ санамж бичиг нь 2029 оны арваннэгдүгээр сар хүртэл хүчинтэй хэрэгжих бөгөөд Барбадос улс тусгаар тогтнолынхоо 60 жил, бүгд найрамдах улс болсны таван жилийн ойгоо тэмдэглэх түүхэн мөчтэй зэрэгцэн байгуулагдсанаараа онцлог юм.


