Оросын эх газар болон тус улсад нэгтгэгдсэн Кримийн хойгийг холбодог гол гүүр энэ долоо хоногт гурав дахь удаагаа халдлагад өртсөнийг Оросын албаны эх сурвалж пүрэв гарагт мэдээллээ. Халдлагын дараа гүүрний замын хөдөлгөөнийг түр зогсоосон байна.
Крим дэх Оросын томилсон захирагч Сергей Аксенов Telegram сувгаараа дамжуулан ослын газарт онцгой байдлын алба ажиллаж байгаа бөгөөд одоогоор учирсан хохирлын хэмжээг үнэлж байна гэж мэдэгдэв. Германы DPA агентлагийн мэдээлснээр сүүлийн энэхүү халдлага нь гүүрний төмөр замын хөдөлгөөнд нөлөөлсөн бололтой байна.
Дөрвөн эгнээ бүхий авто зам болон төмөр замын хосолсон бүтэцтэй тус гүүр нь 2014 онд ОХУ Крымийг өөртөө нэгтгэсний гол бэлгэдэл юм. Түүнчлэн 2022 онд Оросын цэрэг Украин руу довтолсноос хойш тус улсын өмнөд хэсэгт байрлах Оросын цэргийн ангиудыг хангах гол гарц болж байсан тул Киевийн хувьд байнгын чухал бай байсаар иржээ.
Үүнээс өмнө буюу мягмар гарагт Украин пуужин болон нисгэгчгүй онгоц ашиглан 19 километр урт уг байгууламжид томоохон цохилт өгсөн юм. Тухайн үед Украины Аюулгүй байдлын алба (СБУ) гүүрний замын хэсгийн ган нуман тулгуур доорх зам бүрэн сүйрсэн гэж мэдэгдэж байв.
Энэхүү халдлага нь Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны (АПЕК) дээд хэмжээний уулзалтын хүрээнд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин АНУ болон БНХАУ-ын удирдагчидтай түүхэн уулзалт хийхээс хэдхэн цагийн өмнө боллоо.


