Миний тохиргоо

Майк Линчийн тансаг дарвуулт онгоц салхины эмзэг байдлын улмаас живжээ

Их Британийн Далайн ослыг мөрдөн шалгах газраас Майк Линчийн тансаг дарвуулт онгоц живсэн шалтгааныг танилцууллаа. Уг онгоц хүчтэй салхинд онхолдох далд эмзэг талтай байсныг багийнхан мэдээгүй байсан нь ослын гол шалтгаан болжээ.

Италийн Сицили арлын ойролцоо 2024 оны наймдугаар сарын 19-нд живсэн 'Bayesian' супер дарвуулт онгоцны ослын эцсийн тайланг Их Британийн Далайн ослыг мөрдөн шалгах газраас (MAIB) нийтэллээ. Тус осол технологийн магнат Майк Линч болон түүний охин зэрэг долоон хүний аминд хүрсэн юм. 56 метр урт уг хөлөг хүчтэй салхинд онхолдох эмзэг бүтэцтэй байсныг багийнхан мэдээгүй байсан нь шинжээчдийн дүгнэлтээр ил боллоо.

Технологийн салбарын тэрбумтан, 59 настай Майк Линч нь 2011 онд өөрийн үүсгэн байгуулсан 'Autonomy' компанийг 'Hewlett-Packard' корпорацад худалдсантай холбоотой залилангийн хэргээс цагаатгагдсаны дараа гэр бүл, найз нөхдийнхөө хамт Сицили орчмоор аялж байжээ. Уг ослоор Линч болон түүний 18 настай охин Ханна, өмгөөлөгч Крис Морвилло, эхнэр Неда, банкир Жонатан Блумер, эхнэр Жуди болон онгоцны тогооч Рекалдо Томас нар амиа алдав. Харин багийн есөн гишүүн, зочдын зургаа нь амьд гарчээ.

Ослын үед 80 миль цаг буюу 70 орчим зангилаа хурдтай хүчтэй салхи цохисон бөгөөд урьдчилсан мэдээнд ийм аюултай үзэгдэл гарахыг нарийн тусгаагүй байжээ. Улмаар онгоц ердөө 15 хүрэхгүй секундийн дотор хажуу тийш унаж, 18 минутын дараа бүрэн живсэн байна. Онгоцыг зангуугаа буулгаж, дарвуулаа хураасан, тэнцвэржүүлэгч төв хавтангаа өргөсөн үеийн тогтворжилтын эмзэг талыг анхнаасаа үнэлж тогтоогоогүй байсныг шинжээчид онцлов.

Тайланд дурдсанаар, тайван байсан цаг агаар ердөө 14 минутын дотор өөрчлөгдөж, дор хаяж 68 зангилаа хурдтай хүчтэй хуй салхи болон хувирчээ. Шөнө дундын 03:55 цагт 30 зангилаа хүрсэн хүчтэй салхины улмаас хөлгийн баг сэрэмж авсан боловч хоёрхон минутын дараа онгоц хазайж, зангуугаа чирч эхэлсэн байна. Улмаар 04:06 цагт Bayesian 90 градус хажуу тийш онхолдож, цахилгаан үүсгүүрүүд шууд унтарч, ослын гэрэл ассан байна.

Онгоц хазайх үед зарим зочид өрөөнөөсөө гарч зугтсан бөгөөд нэг хос тавилгын шүүгээг шат болгон ашиглажээ. Хөлөг дээрх аврах салнууд автоматаар хийлэгдэж ус руу шидэгдээгүй тул багийн нэг гишүүн буцаж сэлж очин 04:24 цагт нэг салыг гараар дэлгэж чадсан байна. Амьд гарсан хүмүүсийг ойролцоо зогсож байсан 'Sir Robert Baden-Powell' нэртэй дарвуулт онгоцныхон аварчээ.

Их Британийн Далайн ослыг мөрдөн шалгах газрын дарга Роб Лодер ослыг урьдчилан тааварлахын аргагүй богино хугацаанд болсныг онцлоод, онгоцны багт аюулыг урьдчилан тооцоолох боломж байсангүй гэж мэдэгдэв. Их Британид амь үрэгдсэн өөрийн дөрвөн иргэний үхлийн шалтгааныг тодруулах албан ёсны байцаалт үргэлжилж байгаа бөгөөд Далайн болон эргийн хамгаалалтын алба мөн шалгалтыг үргэлжлүүлж байна.

The Guardian UKThe Guardian UK · Эх сурвалж