Фэйсбүүк, Инстаграм платформуудыг эзэмшдэг Мета компани хиймэл оюуны эрчимтэй хөгжлийн улмаас 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг тэглэх зорилтоо эргэн харж байгаагаа мэдэгдэв. Энэ нь дэлхийн томоохон корпорацууд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг амлалтаасаа ухарч буй сүүлийн үеийн нийтлэг хандлагын илрэл болж байна.
Пүрэв гарагт танилцуулсан Метагийн тогтвортой хөгжлийн тайланд дурдсанаар, тус компани 2030 он гэхэд ялгарлыг тэглэх хугацаа, завсрын үе шатуудаа дахин үнэлж эхэлжээ. Тус компанийн дата төв хариуцсан дэд ерөнхийлөгч Рэчел Петерсон болон тогтвортой хөгжлийн газрын дарга Блэйр Свидин нар компанийн зорилтод хүрэхийн тулд хиймэл оюуныг ажиллуулах дэд бүтцийг барьж байгуулах шаардлага тулгарч буйг тайлбарласан байна. Метагийн хүлэмжийн хийн цэвэр ялгарал 2025 онд 45 хувиар өсөж, 11.8 сая тоннд хүрчээ.
Мета анх 2020 онд Парисын хэлэлцээрт нийцүүлэн, нийлүүлэлтийн сүлжээнийхээ бүх түвшинд 2030 он гэхэд ялгарлыг тэглэх зорилт тавьсан байв. Гэвч хиймэл оюуны өсөлт нь дата төвүүдийн цахилгааны хэрэглээг асар хурдацтай нэмэгдүүлж байна. Nature Sustainability сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар, АНУ дахь хамгийн өндөр хүчин чадалтай 403 дата төв нь тус улсын нийт цахилгаан эрчим хүчний хоёр хувийг дангаараа зарцуулж, Дани улсын хэмжээний нүүрстөрөгчийн ул мөр үлдээдэг болохыг тогтоожээ.
Дэлхийн хэмжээнд одоогоор 1,200 орчим томоохон хэмжээний дата төв ажиллаж байгаа бөгөөд цаашид хэдэн зуугаар нэмэгдэх төлөвтэй байна. Олон улсын эрчим хүчний агентлагийн мэдээлснээр эдгээр байгууламжууд 2024 онд 415 тераватт-цаг эрчим хүч ашигласан нь дэлхийн нийт нийлүүлэлтийн 1.5 хувийг эзэлж байгаа бөгөөд энэ үзүүлэлт 2030 он гэхэд бараг хоёр дахин нэмэгдэх төлөвтэй байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын бүрэн эрхийн хоёр дахь хугацаанд тус улсын томоохон бизнесүүд байгаль орчны амлалтаасаа ухарч эхэллээ. Тухайлбал, Гугл компани 2030 он гэхэд нүүрстөрөгчийн ялгаралгүй эрчим хүчинд шилжих зорилт тавьсан ч ялгарал нь өссөөр байгааг хүлээн зөвшөөрсөн бол Женерал Моторс, Уолмарт, Кока-Кола, Пепси зэрэг корпорацууд мөн уур амьсгалын анхны төлөвлөгөө болон шалгуур үзүүлэлтүүдээ сулруулжээ.


