НҮБ-ын Олон улсын шүүх (ОУШ) Мьянмарын эрх баригчдыг рохинжа лалын шашинт цөөнхийг хоморголон устгасан эсэх талаар пүрэв гарагт эцсийн шийдвэрээ танилцуулахаар бэлтгэж байна. Хэрэв шүүх Мьянмарыг буруутай гэж үзвэл Вашингтон Олон улсын шүүхийн шүүгчид, тэр дундаа энэ онд Нобелийн энх тайвны шагнал хүртсэн Нави Пиллэйд хориг тавьж болзошгүй гэсэн болгоомжлол эрс нэмэгдэв.
Түүхэндээ тус шүүх аливаа улс орныг хоморголон устгах гэмт хэрэг үйлдсэн хэмээн тогтоож байсан тохиолдол үгүй юм. Үүний гол шалтгаан нь үндэстэн, угсаатан, шашны бүлгийг бүхэлд нь болон хэсэгчлэн устгах гэсэн санаа зорилгыг хэрхэн нотлох эрх зүйн өндөр босготой холбогдож иржээ. Рохинжагийн хохирогчдыг төлөөлсөн хуульчдын тайлбарласнаар Мьянмарын цэргүүд 2016 болон 2017 онд Рахин мужид дайрах үеэрээ дүрвэж буй энгийн иргэдийг хөнөөсөн нь уг бүлгийг устгах шууд санаа зорилготой байсныг баталдаг байна.
Хэрэв шүүх Мьянмарыг буруутгавал энэ нь хоморголон устгах гэмт хэргийг нотлох хууль зүйн босгыг бууруулж, улмаар Газын зурвас дахь Израилийн цэргийн ажиллагааг ч хоморголон устгах гэмт хэрэг гэж үзэх ноцтой жишиг тогтооно гэж АНУ, Израиль эмээж байна. Цагаан ордонд нөлөө бүхий Ардчиллыг хамгаалах сан судалгааны төвөөс гаргасан таамаглалаар ийм шийдвэр гарвал АНУ тус шүүхийн эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авах нь гарцаагүй ажээ. Иймээс шүүгчид хэдийнэ хувийн хөрөнгөө АНУ-ын хоригоос хэрхэн хамгаалах талаар хуулийн зөвлөгөө авч эхэлсэн байна.
Улс хоорондын маргааныг шийддэг Олон улсын шүүхээс (ОУШ) ялгаатай нь хувь хүнийг дайны гэмт хэрэгт ялладаг Олон улсын эрүүгийн шүүх (ОУЭШ) аль хэдийнэ Вашингтоны шахалтад орсон билээ. Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяхуг баривчлах тушаал гаргасных нь төлөө АНУ өмнө нь ОУЭШ-ийн шүүгчдэд хориг тавьж, байгууллагыг бүхэлд нь хоригийн жагсаалтад оруулахаар сүрдүүлж байв. Одоо харин уг дарамт шахалт НҮБ-ын гол шүүхийн байгууллага руу чиглэж байна.
АНУ-аас НҮБ-д суугаа элчин сайд Майк Уолц шүүгчдэд хандан хатуу сануулга өгчээ. Тэрбээр 'Олон улсын шүүхийн тусгай шүүгч Нави Пиллэй хоморголон устгах гэмт хэргийн босгыг бууруулж байна. Энэ суларсан хуурамч стандартыг дараа нь энгийн иргэдийн ард нуугдсан алан хядагчдын эсрэг тэмцсэн Америкийн болон холбоотны цэргүүдийн эсрэг зэвсэг болгон ашиглах вий' хэмээн мэдэгдсэн юм. Түүнчлэн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио өнгөрсөн баасан гарагт үг хэлэхдээ олон улсын эрх зүйг дэлхийн элитүүдийн эрх ашгаа хамгаалах хэрэгсэл боллоо хэмээн шүүмжилжээ.
Их Британи тэргүүтэй Европын зургаан улс тус шүүхэд 24 хуудас тайлбар хүргүүлэхдээ хоморголон устгах санаа зорилгыг зөвхөн олноор хөнөөсөн байдлаар биш, хүүхдүүдэд үзүүлсэн дарамт, хүчирхийлэл, албадан нүүлгэн шилжүүлэлт зэрэг олон нөхцөл байдлыг цогцоор нь үнэлэх ёстойг сануулсан байна. Мьянмарын хэрэгт Гамби улсын саналаар оролцож буй 15 шүүгчийг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл болон Ерөнхий Ассамблейгаас есөн жилийн хугацаатай сонгодог бөгөөд тэдний энэ удаагийн шийдвэр олон улсын шүүхийн тогтолцоонд томоохон эргэлт авчрах төлөвтэй байна.


