Казахстаны агаарын тээврийн үндэсний томоохон тээвэрлэгч 'Air Astana' компани 11 дүгээр сарын 30-наас эхлэн Алматы болон Токио хотын Нарита олон улсын нисэх онгоцны буудлын хооронд хуваарьт шууд нислэг үйлдэхээр боллоо. Тус чиглэлд долоо хоногт хоёр удаа Airbus A321LR загварын агаарын хөлгөөр нислэг үйлдэх бөгөөд тасалбарын борлуулалт аравдугаар сарын 2-нд нээгдсэн байна.
Казахстаны Тээврийн дэд сайд Талгат Ластаев, Японы Газар, дэд бүтэц, тээвэр, аялал жуулчлалын яамны Олон улсын нисэхийн асуудал хариуцсан дэд сайдын туслах Сэйичи Тажима нар Олон улсын иргэний нисэхийн байгууллагын (ICAO) Агаарын тээврийн 7 дугаар бага хурлын үеэр уулзаж, шинэ чиглэлийн талаар санал солилцжээ. Энэхүү шууд нислэг нээгдсэнээр хоёр улсын хооронд тасалдаад байсан агаарын харилцаа дахин сэргэж, бизнес, хөрөнгө оруулалт болон соёлын харилцаа өргөжих ач холбогдолтойг талууд онцлов.
Нислэгийн хуваарийн дагуу Алматыгаас Токио хүрэх нислэг ойролцоогоор долоон цаг 30 минут, харин Токиогоос Алматы хүрэх буцах нислэг есөн цаг 25 минут үргэлжлэх аж. Уулзалтын үеэр талууд агаарын тээврийн үйлчилгээний цар хүрээг тэлэх, хоёр улсын тээвэрлэгчдийн түншлэлийг дэмжих, түүнчлэн ICAO-гийн хүрээнд хамтран ажиллах асуудлыг хэлэлцлээ.
Түүнчлэн Талгат Ластаев ICAO-гийн Зөвлөлийн Ерөнхийлөгчөөр Тошиюки Онума сонгогдсонд Японы талд баяр хүргэв. Ингэснээр Ази, Номхон далайн бүс нутгаас анх удаа тус байгууллагын тэргүүний суудалд төлөөлөл сонгогдсон явдал болж буйг тэмдэглээд, талууд олон улсын тавцанд иргэний нисэхийн аюулгүй байдал, үр ашигтай байдлыг хангах хамтын ажиллагааг үргэлжлүүлэхээ илэрхийллээ.


