Чех улс нь байгалийн үзэсгэлэн, цэвэр агаар болон эрдэст рашаандаа түшиглэсэн баялаг спа соёлтой билээ. Алжаал тайлах амралтыг заавал Карловы Вары зэрэг алдартай сувиллын хотуудад очиж өнгөрөөх шаардлагагүй бөгөөд нийслэл Прага хотод ч олон шилдэг сонголт бий болжээ.
Прага хотын төвд байрлах 'W Hotel'-ийн 'AWAY Spa' нь аялагчдад алжаалаа бүрэн тайлах тухтай орчныг санал болгож байна. Энд гүн тайвшруулах үйлчилгээтэй 'RESET' массаж болон арьсыг сэргээх 'REWIND' багц үйлчилгээг үзүүлдэг. Хүйтний улиралд бие, сэтгэлийг сэргээх өдрийн тасалбар, биеийн гуужуулагч болон төрөл бүрийн массажууд энд бий.
Харин хотын дээвэр дээр байрлах 'M Spa' нь Францын арьс арчилгааны үйлчилгээг Прага хотын үзэмжтэй хослуулжээ. 'Pure Altitude' болон 'Codage Paris' брэндийн бүтээгдэхүүнийг ашигладаг тус төв нь хотыг тольдох хувийн жакузи болон амралтын өрөөтэй тул тухтай, тансаг орчинд алжаал тайлах боломжийг олгож байна.
Эртний түүхт сувиллын төв болох Марианске Лазне хотод байрлах 'Falkensteiner Spa Resort' нь ар деко хэв маяг, эдгээх чанартай рашаанаараа нэн алдартай. Бүх улиралд тохирсон хөтөлбөр, халаалттай гадаа усан сан бүхий энэхүү амралтын газар нь стресс бууруулах, ядаргаа тайлах цогц эмчилгээг санал болгодог байна.
Дорнын уламжлалт Аюурведийн анагаах ухааныг Европын хэв маягтай хослуулсан 'Ananda Spa' нь хувь хүнд тохирсон тусгай үйлчилгээ үзүүлдэг. Уламжлалт Абхьянга массаж, уурын хайрцаг зэргээр дамжуулан дархлааг дэмжих, стрессийг бууруулах зорилготой бөгөөд хүссэн хүнд мэргэжлийн зөвлөгөө өгдөг ажээ.
Түүнчлэн 'Carlo IV' зочид буудалд байрлах спа нь нуман тааз, шигтгэмэл урлал бүхий тансаг орчинд дотор усан сан, саун, нойр сайжруулах болон турах үйлчилгээтэй зан үйлийн эмчилгээг үзүүлж байна.


