Их Британи улс даяар сувилагч, эх баригч болон туслах сувилагч нарын өдөр тутмын тусламж үйлчилгээг нийгмийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэлттэй уялдуулах нэгдсэн бодлогын баримт бичгийг 11 дүгээр сарын 16-ны өдөр албан ёсоор танилцууллаа. Англи, Умард Ирланд, Шотланд, Уэльс гэсэн дөрвөн бүрэлдэхүүн орны Ерөнхий сувилахуйн албаны дарга нар хамтран дэмжсэн уг хүрээ нь эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүдэд анх удаа нийтлэг стандартыг бий болгож буйгаараа онцлог юм.
Энэхүү бодлого нь эмнэлгийн тасгаас эхлээд иргэдийн гэр хүртэлх бүх түвшинд ажиллаж буй сувилагч, эх баригч нарыг өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн дундаж наслалтыг уртасгах, эрүүл мэндийн тэгш бус байдлыг арилгахад чиглэгдсэн байна. Түүнчлэн боловсрол олгох, мэргэжил дээшлүүлэх, манлайллыг дэмжих, үйлчилгээний чанарыг сайжруулах болон хүний нөөцийн төлөвлөлт хийхэд нэгдсэн удирдамж болж үйлчилнэ.
Их Британийн Эрүүл мэндийн сайд Карин Смит шинэ удирдамжийн талаар тайлбарлахдаа, уг баримт бичиг нь ажилтнуудад бичиг цаасны нэмэлт ажил, шинэ үүрэг даалгавар эсвэл хатуу төлөвлөгөө оноохгүй гэдгийг онцлов. Харин сувилагч, эх баригч нарын өдгөө хэрэгжүүлж буй ажлыг илүү үр дүнтэй болгож, тэдний нийгмийн эрүүл мэндэд оруулж буй бодит хувь нэмрийг тодотгож өгөх зорилготойг дурдлаа.
Бодлогын үндсэн бүтэц нь сайн сайхан байдлыг дэмжих, хор хөнөөлөөс хамгаалах, өвчлөлөөс сэргийлэх, тэгш бус байдлыг багасгахад хамтран ажиллах, байгаль орчинд ээлтэй тусламж үзүүлэх гэсэн таван үндсэн зарчимд тулгуурлажээ. Мөн иргэдийн амьдралын нөхцөл, орон сууц, хөдөлмөр эрхлэлт, орлого, хүрээлэн буй орчин зэрэг нийгмийн хүчин зүйлс хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдгийг үнэлэх чадварыг сувилахуйн практикт суулгахаар тусгасан байна.
Тус улсын Шинжээчдийн зөвлөх бүлгийн дарга, Английн Нийгмийн эрүүл мэндийн сувилахуйн дэд захирал Жейми Уотералл хэлэхдээ, сувилахуй болон эх барихуй нь анхнаасаа нийгмийн эрүүл мэндийн салшгүй хэсэг байсныг санууллаа. Тэрбээр Их Британи даяар ажиллаж буй хамт олондоо энэхүү нэгдсэн хэллэг, арга барилыг ажил хэрэг болгож, нийгэм даяар эрүүл амьдрах боломжийг тэлэхийг уриалав.
Английн Ерөнхий сувилахуйн албаны дарга Данкан Бартон, Уэльсийн Ерөнхий сувилахуйн албаны дарга Сью Транка нар өвчнөөс урьдчилан сэргийлэх нь тогтвортой эрүүл мэндийн тогтолцооны суурь болохыг тэмдэглэсэн юм. Мөн Шотланд, Умард Ирландын төлөөлөгчид уг уян хатан тогтолцоо нь бүс нутаг бүрт өөрсдийн хүн амын онцлогт тохируулан эрт арга хэмжээ авах боломж олгоно гэж үзэж байна.


