Миний тохиргоо

Их Британи татгалзсан хариу авсан орогнол хүсэгчдийг шууд албадан гаргахаар шийдвэрлэлээ

Их Британийн Дотоод хэргийн яам орогнол болон цагаачлалын хүсэлтэд нь татгалзсан хариу өгч, давж заалдах бүх шатны боломжоо барсан иргэдийг шууд албадан гаргах шинэ зохицуулалтыг хуулийн төсөлд тусгалаа. Одоогийн мөрдөж буй журмаар татгалзсан шийдвэр авсан орогнол хүсэгчийг албадан гаргахын тулд ажлын таваас доошгүй өдрийн өмнө албан ёсоор мэдэгдэх ёстой байдаг. Энэ хугацаанд тухайн иргэн хуулийн нэмэлт арга хэмжээ авах эсвэл нутаг буцахдаа бэлтгэх боломж бүрддэг байсан юм.

Дотоод хэргийн сайд Шабана Махмуд парламентад өргөн барьсан цагаачлал, орогнолын тухай хуулийн төсөлд дээрх таван өдрийн хугацааг хасах нэмэлт өөрчлөлтийг оруулжээ. Шинэ зохицуулалтаар цагаачлалын албаны ажилтнуудад татгалзсан хариу авсан орогнол хүсэгч болон хууль бус цагаачдыг нэмэлт мэдэгдэл хүргүүлэхгүйгээр зургаан сарын дотор баривчлан албадан гаргах эрхийг олгох аж. Энэхүү хуулийн төсөл 11 дүгээр сарын 17-нд Нийтийн танхимд тайлангийн шат болон гурав дахь хэлэлцүүлгээр орно.

Хил хамгаалал, орогнолын асуудал хариуцсан сайд Анна Турли Засгийн газар тус улсад оршин суух эрхгүй хүмүүсийг нутаг буцаах ажлыг эрчимжүүлж байгааг онцлов. Түүний мэдээлснээр парламентын бүх нийтийн сонгуулиас хойш 80,000 гаруй хууль бус цагаач болон гадаадын иргэнийг албадан гаргажээ. Тэрээр давж заалдах эрхээ бүрэн шавхсан цагаачдад хууль ёсны албадан гаргах ажиллагаанд саад учруулах боломж олгохгүйгээр даруй нутаг буцаах зарчим баримтална гэдгийг мэдэгдсэн байна.

Их Британийн Дотоод хэргийн яам энэхүү шинэчлэлийг Дани улсын амжилттай хэрэгжүүлсэн туршлагад үндэслэсэн гэж тайлбарлав. Дани улсад албадан гаргах шийдвэрээ хүлээж буй цагаачдын тоо 2020 оны сүүлчээр 2,185 гаруй байсан бол 2025 оны эцэст 1,000-аас доош болж буурчээ. Хэдийгээр Их Британийн Хөдөлмөрийн нам засгийн эрхэнд гарснаас хойш албадан гаргах ажиллагааг нэмэгдүүлсэн ч орогнолын өргөдлийн шийдвэрлэлтийн ачаалал дээд цэгтээ хүрээд байна. 2026 оны зургаадугаар сарын 30-ны байдлаар Их Британид 40,168 хүн анхан шатны шийдвэрээ хүлээж байсан бол татгалзсан өргөдлийн тоо 90,000 давж дээд амжилт тогтоожээ.

Түүнчлэн хуулийн төсөлд албадан гаргах ажиллагааг хурдасгах зорилгоор Цагаачлалын давж заалдах шинэ бүтцийг байгуулахаар тусгасан байна. Хүний эрх болон орчин цагийн боолчлолын тухай хуулийг орогнолын өргөдөлд үндэслэлгүйгээр, урвуулан ашиглах явдлыг таслан зогсоох өөрчлөлтүүд мөн багтжээ. Үүнээс гадна хүүхэдтэй холбоотой орчин цагийн боолчлолын шийдвэр гаргах эрх мэдлийг орон нутгийн хүүхэд хамгааллын байгууллагуудад шилжүүлэхээр төлөвлөсөн нь хүүхдийг шууд хариуцаж буй мэргэжилтнүүд шийдвэр гаргах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой юм.

Харин дүрвэгсдийн эрхийг хамгаалах байгууллагууд энэхүү төлөвлөгөөг эрс шүүмжлэв. Дүрвэгсдийн зөвлөлийн гадаад харилцаа эрхэлсэн захирал Имран Хуссейн хүмүүсийг ийм богино хугацаанд, урьдчилан сануулалгүйгээр албадан гаргах нь шаардлагагүй айдас, дарамт үүсгэнэ гэж санууллаа. Мөн тэрээр албадан гаргахаас илүүтэй сайн дураар нутаг буцах боломжоор хангах нь татвар төлөгчдийн зардлыг хэмнэсэн, хавьгүй үр дүнтэй арга болохыг дурдсан юм. Түүнчлэн 'Asylum Matters' байгууллагын гүйцэтгэх захирал Луиз Калви нийт хүн амын 63 хувь нь орогнолын хууль зүйн туслалцаа авах боломжгүй байгааг онцлоод, анхан шатанд хуулийн зөвлөгөө авч чадаагүй иргэдийг хамгаалалт хүсэх эрхгүй болгон хөөх нь бодит шударга бус байдалд хүргэнэ гэж мэдэгдлээ.

The Guardian UKThe Guardian UK · Эх сурвалж