Миний тохиргоо

Казахстан, Узбекистан улсууд бөхөнгийн тоо толгойг хамгаалах санамж бичиг байгуулав

Казахстан болон Узбекистан улс арваннэгдүгээр сарын 12-ны өдөр бөхөнгийн тоо толгойг хамгаалах, сэргээх зорилготой харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү баримт бичигт Казахстаны Экологи, байгалийн нөөцийн сайд Алибек Куантыров, Узбекистаны Экологи, уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хорооны дарга Азиз Абдухакимов нар албан ёсоор гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

Хоёр улсын тохиролцсон хамтын ажиллагааны гол чиглэл нь бөхөнгийн хил дамнасан нүүдлийн зам болон амьдрах байгалийн орчныг хамгаалахад чиглэжээ. Гэрээний дагуу талууд бөхөнгийн тоо толгой, шилжилт хөдөлгөөн, эрүүл мэндийн байдлыг хамтран ажиглаж, шинжлэх ухааны мэдээлэл солилцохоос гадна хиймэл дагуулын хяналт, мал эмнэлгийн тандалтын аргуудыг өргөнөөр ашиглахаар болсон байна.

Мөн түүхэн нутаг дэвсгэрт нь уг амьтны тоо толгойг дахин сэргээх хөтөлбөр боловсруулж, зэрлэг амьтдыг шилжүүлэн суурьшуулах, бэлчээр болон уст цэгүүдийг сэргээх цогц ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөв. Үүний зэрэгцээ хулгайн ан, хууль бус худалдаатай тэмцэх асуудлыг нэн тэргүүнд тавьж, хилийн дагуу хамтарсан хамгаалалтын эргүүл гаргах, хил дамнасан тусгай хамгаалалттай газар нутаг, нүүдлийн коридор байгуулахаар тогтсон байна.

Хамтын ажиллагааны хүрээнд олон улсын байгууллагуудыг татан оролцуулж, мэргэжилтнүүд туршлага солилцох, хамтарсан судалгаа шинжилгээний төслүүдийг өргөжүүлэх юм. Хиймэл дагуулын хяналтын төхөөрөмж нь тус бүс нутагт зэрлэг амьтдын нүүдлийг зураглах, учирч болох эрсдэлийг тодорхойлоход чухал ач холбогдолтой хэрэгсэл болж байгааг 2025 оны тавдугаар сарын 23-нд болсон олон улсын цахим уулзалтын үеэр мэргэжилтнүүд онцолжээ.

Бөхөнгийн улирлын чанартай нүүдэл нь захиргааны болон улсын хилийг дамнадаг тул эдгээр замыг хамгаалах шаардлага өндөр байна. Тухайлбал, 2025 оны арванхоёрдугаар сарын сүүлээр Костанай, Актобе, Улытау мужуудаас их хэмжээний цасны улмаас бэлчээр хайн өмнө зүг рүү нүүдэллэсэн бөхөнгийн сүрэг Сырдарья болон Кызылорда мужийн Арал дүүрэгт олноор төвлөрчээ. Тухайн үед Сырдарья орчимд 60,000-аас 65,000, үүнээс Арал дүүрэгт 30,000 гаруй бөхөн очсоныг орон нутгийн байгаль хамгаалагчид мэдээлж байв.

Казахстан улсад Урал, Бетпак-Дала, Устюртын гэсэн гурван үндсэн сүрэг амьдардаг. 2025 оны дөрөв болон тавдугаар сарын төллөлтийн үеэр хийсэн тооллогоор тус улсад нийт 3,978,000 толгой бөхөн бүртгэгдсэн бөгөөд үүнээс Уралын сүрэгт 2.3 сая, Бетпак-Далад 1.6 сая, Устюртад 78,000 толгой тоологджээ. Мөн дөрөвдүгээр сарын бусад мэдээллээр бөхөнгийн тоо дээд амжилт тогтоож, 4.1 сая-д хүрсэн үзүүлэлт гарсан байна.

Гэсэн хэдий ч байгаль цаг уурын хатуу ширүүн нөхцөл байдлаас шалтгаалан бөхөнгийн тоо толгой огцом буурах эрсдэл байдгийг мэргэжилтнүүд сануулж байна. 1992 оны зудаар цас их орж бэлчээргүй болсны улмаас олон тооны бөхөн хорогдож, тоо толгой нь ердөө 15,000 хүртэл буурч байсан түүхтэй. Казахстан, Узбекистан хоёр улсын энэхүү санаачилга нь Төв Азийн биологийн олон янз байдлыг хамгаалж, байгаль орчны түншлэлийг бэхжүүлэх урт хугацааны суурийг тавьж байна.

The Astana TimesThe Astana Times · Эх сурвалж