Шинэ Өмнөд Уэльс мужийн цагдаагийн газар Сидней хотын хойд эргийн ойн бүсээс хүний цогцосны үлдэгдэл олдсонтой холбогдуулан хүн амины хэрэг бүртгэн шалгаж эхэллээ. Лхагва гарагийн 14:30 цагийн орчимд Лейн Ков Норт дүүргийн оршин суугчдаас эвгүй үнэр гарч байгаа талаарх хэд хэдэн дуудлага мэдээлэл цагдаад ирсэн байна.
Хэргийн газарт очсон цагдаагийн ажилтнууд авто замаас таван метр орчим зайд хаясан буйдан дотроос хүний их биеийн хэсгийг олж илрүүлжээ. Цагдаагийн ахлах комиссар Пол Дивэнигийн мэдээлснээр уг үлдэгдэл нь толгой, гар, хөлгүй байсан бөгөөд насанд хүрсэн эрэгтэй хүний цогцос байх магадлалтай ажээ. Мөн тухайн цогцос уг газарт дор хаяж 2 хоног байсан шинж тэмдэг илэрсэн байна.
Шүүх эмнэлгийн шинжээчид хэргийн газрыг хамгаалалтад авч, задлан шинжилгээ хийхээр цогцосны хэсгийг тээвэрлэн авч явав. Гэмт хэргийн гаралт бараг байдаггүй Лейн Ков дүүрэгт ийм аймшигт хэрэг гарсан нь маш ер бусын, цочирдом үйл явдал болсныг цагдаагийн удирдлага онцоллоо.
Одоогоор тус мужийн хүн амины хэрэг мөрдөх тусгай тасаг, нисэх хүчний эргүүл болон цогцос эрлийн үнэрч нохдыг дайчлан мөрдөн шалгах ажиллагааг эрчимтэй явуулж байна. Мөрдөгчид ойр орчмын хяналтын камер болон автомашины хар хайрцгийн бичлэг бүхий иргэдийг цагдаагийн байгууллагад хандаж, мэдээлэл өгөхийг уриалав.
Энэхүү хэрэг нь тухайн орон нутгийн оршин суугчдад шууд аюул занал учруулахгүй бөгөөд хохирогч Лейн Ков дүүрэгт бусдын гарт амиа алдсан гэх нотлох баримт одоогоор тогтоогдоогүйг албаныхан мэдэгдлээ. Цагдаа нар мөрдөн шалгалтын анхан шатанд ажиллаж байгаа бөгөөд олон талт нарийвчилсан судалгааг үргэлжлүүлж байна.


