АНУ-ын Зэвсэгт хүчин Японы Окинава арал дээр байрладаг Кадена агаарын цэргийн бааз руу Хятадын BYD компанийн автомашинуудыг нэвтрэхийг бүрэн хориглох шийдвэр гаргав. Энэхүү хязгаарлалт нь хувийн эзэмшлийн унаа төдийгүй такси болон хүргэлтийн үйлчилгээний тэрэгнүүдэд нэгэн адил үйлчилж эхэлснийг албаны эх сурвалж баталлаа.
Кадена дахь АНУ-ын Агаарын цэргийн хүчний 18 дугаар жигүүрийн хэвлэлийн төлөөлөгч, дэд хурандаа Алли Стормер уг автомашинуудыг цэргийн бие бүрэлдэхүүн болон гүйцэтгэх үүрэгт засаж залруулашгүй эрсдэл учруулж байна гэж мэдэгдэв. Баазын шалган нэвтрүүлэх цэгийн харуулууд BYD маркийн автомашинуудыг зогсоож, жолооч нарыг нь буцаах тодорхой үүрэг чиглэл авчээ.
Кадена нь Зүүн Ази дахь Америкийн хамгийн том агаарын цэргийн бааз бөгөөд Хятад, Орос, Умард Солонгостой холбоотой аливаа хямралд шууд хариу үйлдэл үзүүлэх гол түшиц газар юм. Тус баазад 1,600 километрийн тусгалтай 'Томахок' пуужин харвах хүчин чадалтай 'Тайфун' системээс гадна сөнөөгч онгоц, тагнуулын хөлгүүд байнга байрладаг билээ.
Уг шийдвэрийг тээврийн хэрэгсэлд суурилуулсан камер, мэдрэгч болон байршил тогтоогч төхөөрөмжөөр дамжин цэргийн нууц мэдээлэл алдагдаж болзошгүй гэсэн болгоомжлолын улмаас гаргасан байна. Пентагон өнгөрсөн зургаадугаар сард BYD-ийг Бээжингийн цэрэг армитай холбоотой хэмээн үзэж, хар жагсаалтад оруулсан Хятадын 188 компанийн тоонд багтаасан юм.
Вашингтон үүнээс өмнө 2018 онд дэлхий даяарх цэргийн баазууддаа Хятадын Huawei болон ZTE компанийн гар утсыг худалдах, ашиглахыг аюулгүй байдлын шалтгаанаар хориглож байв. Нөгөө талд Бээжин мөн 2021 онд Теслагийн машинуудыг төрийн байгууллагын байранд нэвтрэхийг хориглож байгаад, 2024 онд уг хязгаарлалтаа цуцалж байсан түүхтэй билээ.
Кадена баазын хоригт одоогоор албан ёсны хариу өгөөгүй байгаа BYD компани нь 2025 онд борлуулалтаараа Теслаг гүйцэж, дэлхийн цахилгаан автомашины тэргүүлэгчээр тодорсон юм. Тус компани өдгөө дэлхийн автомашины 4 дэх том зах зээл болох Японд үйл ажиллагаагаа тэлж, энэ оны 7 дугаар сард хямд өртөгтэй 'Racco' жижиг оврын загвараа танилцуулаад байв.


