Миний тохиргоо

Canva Прага дахь салбараа хааж, 1200 гаруй ажилтнаа цомхотгов

График дизайны Canva платформ дэлхий даяар 1200 гаруй ажлын байр цомхотгож буйн хүрээнд Прага дахь салбарынхаа үйл ажиллагааг бараг бүрэн зогсоолоо. Энэ нь тус компанийн түүхэн дэх хамгийн том бүтцийн өөрчлөлт болж байна.

График дизайны алдартай платформ Canva компанийн хэмжээнд томоохон бүтцийн өөрчлөлт хийж, нийт 1271 ажилтнаа цомхотгохоор болжээ. Энэ нь нийт ажиллах хүчний ойролцоогоор 22 хувийг эзэлж буй бөгөөд тус компанийн түүхэн дэх анхны томоохон хэмжээний цомхотгол юм. Энэ шийдвэрийн хүрээнд Прага дахь салбарын 50 орчим ажилтнаас ердөө зургаа нь үлдэж, үйл ажиллагаагаа үндсэндээ хаалаа.

Компанийн гүйцэтгэх захирал Мелани Перкинс нийт ажилтнууддаа бүтцийн өөрчлөлтийн талаар и-мэйл илгээсний дараахан цомхотголд өртсөн хүмүүст тусдаа мэдэгдэл очсон байна. Ажлаас чөлөөлөгдсөн ажилтнуудад хувийн эд зүйлсээ цуглуулахад долоо хоногийн хугацаа олгосон ч дотоод ажлын ихэнх системд хандах эрхийг шууд цуцалж, зөвхөн Slack болон и-мэйл ашиглах боломж үлдээжээ.

Прага дахь салбарын хуучин ажилтны мэдээлснээр, уг шийдвэрт зохион байгуулалтын бүтэц болон хиймэл оюуны зардал гэсэн хоёр гол хүчин зүйл нөлөөлсөн аж. Ажлын хариуцлага олон шат дамжлагад хуваагдсан байсан нь харилцаа холбоо болон шийдвэр гаргах үйл явцыг удаашруулж байжээ. Үүн дээр Төв Европ болон Сиднейн хоорондох 10-11 цагийн зөрүү нөхцөл байдлыг улам хүндрүүлсэн байна.

Түүнчлэн Canva нь хиймэл оюуны багаж хэрэгсэл, технологид ихээхэн хөрөнгө оруулсан бөгөөд тооцоолох хүчин чадалтай холбоотой зардал ихээр гарчээ. Тус компани өнгөрсөн сараас эхлэн өөрийн загваруудаа нэвтрүүлж байгаа ч график боловсруулах зардлыг хэр хэмжээгээр бууруулах нь одоогоор тодорхойгүй хэвээр байна. Үүний зэрэгцээ хэрэглэгчид ChatGPT, Claude зэрэг өрсөлдөгч хиймэл оюуны системүүдийг ашиглан зураг, дизайн зэрэг контентыг шууд бүтээх боломж бүрдсэн нь зах зээлийн нөхцөл байдалд нөлөөлжээ.

Prague MorningPrague Morning · Эх сурвалж