Бүгд Найрамдах Чех Улсын нийслэл Прага хотноо ирэх амралтын өдрүүдэд олон улсын цай үйлдвэрлэгчид, шинжээчид болон сонирхогчдыг эгнээндээ нэгтгэсэн 'Euro Tea Expo' үзэсгэлэн хоёр дахь жилдээ эхэлнэ. Арваннэгдүгээр сарын 14, 15-ны өдрүүдэд зохион байгуулах уг арга хэмжээнд нийт 37 үзэсгэлэн гаргагч оролцож, дэлхийн олон орны цайны соёл, уламжлалыг олон нийтэд танилцуулахаар бэлтгэжээ.
Энэ жилийн үзэсгэлэнг 'Хятадын цагаан цай – Фүдиний өв соёл' сэдвийн дор зохион байгуулж байна. Хятадын Үндэсний биет бус соёлын өвд бүртгэгдсэн Фүдин цагаан цай үйлдвэрлэх уламжлалт аргыг өвлөн уламжлагч, 'PINPINTEA'-г үүсгэн байгуулагч мастер Лин Жэньчуань гол зочноор оролцох юм. Салбартаа 30 гаруй жил ажилласан тэрбээр танилцуулга хийж, хүрэлцэн ирсэн зочдод цайны амталгааг удирдан явуулна. Мөн шинэ болон хуучин цагаан цайны онцлог, тэдгээрийн насжилтын ялгааг харьцуулан тайлбарлана.
Хөтөлбөрийн хүрээнд төрөл бүрийн цайны соёлыг харуулсан үзүүлбэрүүд явагдана. Тухайлбал, Шэ үндэстний уламжлалт цагаан цайны зан үйл, Сычуаний гайвань цайны соёл болон урт хошуутай данхны үзүүлбэрийг толилуулна. Үүнээс гадна Кенийн цай, Японы хожича, Гуаншигийн эртний цайны модны түүх болон цай хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг талаарх мэдээллийг хүргэхээр төлөвлөжээ.
Түүнчлэн арга хэмжээний үеэр Тайжигийн дасгал, цай болон Тайжи хосолсон үзүүлбэр, Японы Нерикири амттан хийх сургалтууд багтсан байна. Энэ жилийн үзэсгэлэн нь зөвхөн цайгаар хязгаарлагдахгүй бөгөөд Европын ургамлын гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэгч таван брэнд байгальд ээлтэй амьдралын хэв маягийг сурталчлан оролцох юм. Өнгөрсөн онд Прага хотод анх зохион байгуулагдсан тус үзэсгэлэнд 15 орны 33 байгууллага оролцож, 960 орчим зочин хүлээн авч байв.


