АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяхутай тохиролцсоны үндсэн дээр тус улсад олгодог санхүүжилтийг энэ оны сүүлээс эхлэн бүрэн зогсоохоор болсноо мэдэгдэв.
Тэрбээр дунд хугацааны сонгуулийн санал хураалт эхэлсний дараа 'Fox News' телевизийн 'Fox and Friends' нэвтрүүлэгт өгсөн ярилцлагадаа энэ тухай онцолсон байна. Трамп 'Бид Израильд жилд дөрвөн тэрбум долларын тусламж олгодог байсан. Гэвч энэ тусламжийг зогсоохоор хэдэн сарын өмнө Биби Нетаньяхутай тохиролцсон' хэмээн ярьжээ.
Мөн Ерөнхийлөгч цааш тайлбарлахдаа 'Энэ оны эцэс гэхэд бид Израилд санхүүжилт олгохгүй байхаар аль хэдийн тохирсон. Хэрэв тэдэнд ямар нэг тусламж шаардлагатай бол бид туслах болно' гэж дурдсан байна.
Израильд олгох цэргийн тусламж болон Израилийн талыг баримтлагчдаас АНУ-ын улс төрчдийн сонгуулийн кампанит ажилд өгдөг хандивын асуудал энэ онд Ардчилсан болон Бүгд найрамдах намынхны дунд маргааны гол сэдэв болоод байв. Сүүлийн жилүүдэд Америкийн улс төрчид Израилийн талаар эрс шүүмжлэлтэй байр суурь илэрхийлэх болсон нь олон арван жилийн турш үргэлжилсэн хоёр намын тууштай дэмжлэг саарч буйг харуулж байна.
Өнгөрсөн долдугаар сард Төлөөлөгчдийн танхим Израильд олгох тусламжийг зогсоох тухай нэмэлт өөрчлөлтийн саналыг 314-ийг эсрэг 104 саналаар няцаасан юм. АНУ-ын Ойрх Дорнодын бодлогыг шүүмжлэгч, Бүгд найрамдах намын конгрессын гишүүн Томас Мэсси Төрийн департаментын зардлын хуулийн төсөлд уг өөрчлөлтийг тусгуулахаар өргөн барьж байв. Тухайн үед Ардчилсан намын төлөөлөгчдийн бараг тал хувь нь уг төслийг дэмжсэн нь Газын зурвас дахь дайнтай холбоотойгоор Америкийн дэвшилтэт үзэлтнүүд болон Израилийн хооронд үүссэн ан цав гүнзгийрч байгааг харуулсан үйл явдал болсон билээ.


