Түүх, хэл, соёлын нэгдмэл өвтэй хоёр Солонгосын хуваагдмал дүр төрх германчуудад дэндүү танил сонсогддог билээ. Учир нь Герман улс өөрөө үзэл суртлын эсрэг тэсрэг дэглэмүүдийн нөлөөгөөр олон арван жилийн турш хуваагдмал оршиж байгаад 1991 онд геополитикийн өөрчлөлтийн үрээр тайван замаар эргэн нэгдсэн түүхтэй юм. Уг түүхэн үйл явдлаас хоёр жилийн дараа буюу 1993 онд тухайн үеийн Германы канцлер Гельмут Коль Солонгосын хойгийн Цэрэггүй бүсэд (DMZ) зочлохдоо энэ арваны эцэс гэхэд хоёр Солонгос нэгдэнэ гэдэгт найдаж буйгаа илэрхийлж байв.
Гэвч Колийн уг итгэл найдвар биеллээ олоогүй хэвээр үлдсэн юм. Герман нэгдэх мөрөөдөлдөө хүрснээс хойш 35 жил өнгөрсөн ч Сөүл, Пхеньян хоёр улс төрийн тогтолцоо, эдийн засаг болон геополитикийн холбоотнуудынхаа эрх ашгаар гүнзгий хуваагдсан хэвээр байна. Баасан гарагт хоёр Солонгосыг заагладаг Цэрэггүй бүсэд хүрэлцэн ирсэн ХБНГУ-ын одоогийн канцлер Фридрих Мерц Колийн 1993 онд хэлж байсан ерөөлийг л үндсэндээ давтан хэллээ. Тэрбээр 'Германчууд бид эх орон хуваагдах нь ямар их өвдөлт авчирдгийг сайн мэднэ. Мөн үнэт зүйлдээ үнэнч байж, харилцан яриа өрнүүлэх зориг гаргасан хэн ч бай ханыг нурааж чадна гэдгийг бид үзсэн. Бид Солонгосын ард түмэнд эрх чөлөөт эв нэгдлийг хүсэн ерөөж байна' хэмээн нийгмийн сүлжээндээ тэмдэглэжээ.
Гэвч Солонгосын хойгийн өдөр тутмын улс төрийг ажигладаг шинжээчдийн хувьд энэ үгс бодит байдлаас хэтэрхий алслагдсан мөрөөдөл мэт сонсогдож байна. Хоёр Солонгос хил дамнан бие биенээ сэрдэнгүй харсаар байгаа энэ үед тэдний баялгийн хэмжээ болон улс төрийн эрх чөлөөний асар том ялгаа улам бүр тод харагдах болов. Хамгийн гол асуудал нь өдгөө аль ч тал нь нэгдэхийг хүсэхгүй байгаа явдал юм. Кёнхи их сургуулийн гадаад бодлогын профессор Чү Жэ Вүү энэ талаар тайлбарлахдаа 'Сүүлийн хэдэн арван жилд хүмүүсийн хандлага ихээхэн өөрчлөгдсөн. Залуу өмнөд солонгосчууд Умардыг зүгээр л бидний хажууд оршдог, ядуу бөгөөд заналхийлэгч өөр нэг тусдаа улс гэж харж байна. Тэдэнд ахмад үеийнхэн шиг сэтгэл хөдлөлийн уялдаа холбоо огт алга' хэмээн дурджээ.
Сөүлийн үндэсний их сургуулийн Энх тайван, нэгдлийн хүрээлэнгээс есдүгээр сард явуулсан судалгаагаар өмнөд солонгосчуудын 39.1 хувь нь нэгдлийг боломжгүй гэж үзсэн нь тус судалгааг эхлүүлснээс хойших хорин жилийн хамгийн дээд үзүүлэлт болов. Иргэд Умардын зам, эмнэлэг, сургууль зэрэг орчин үеийн дэд бүтцийг босгоход шаардагдах асар их зардал төсөвт дарамт учруулна хэмээн ихэд болгоомжилж байна. Албан ёсоор Өмнөд Солонгосын засгийн газар нэгдлийг үндэсний зорилтоосоо хасаагүй бөгөөд Үндсэн хуульдаа эрх чөлөө, ардчилалд суурилсан тайван замаар нэгдэхийг тусгасан хэвээр буй ч сүүлийн үеийн эрх баригчид энэ сэдвийг хөндөхөөс аль болох зайлсхийх болжээ.
Харин Умард Солонгос өөрийн байр сууриа бүр ч тодорхой зарласан юм. Умардын удирдагч Ким Жон Ун 2023 оны арванхоёрдугаар сард Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж байгааг мэдэгдэн, тайван замаар нэгдэх боломж бүрмөсөн үгүй болсныг зарласан билээ. Тэрбээр Өмнөд Солонгосыг дайсагнагч өрсөлдөгч гэж үзэх болсноо зарлаж, хоёр талыг нэгтгэх эрмэлзэл огт байхгүйгээ мэдэгдсэн юм. Тус Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт 2026 оны гуравдугаар сард батлагдсан бөгөөд Ким Жон Уны дэглэм эвлэрэл, үндэстний нэгдэлтэй холбоотой бүх заалтыг баримт бичгүүдээсээ тууштай арилгаж эхлэв.
Түүнчлэн хоёр орны эдийн засгийн ялгааг арилгах нь төсөөлөхийн аргагүй хүнд сорилт болно. Өмнөд Солонгосын Төв банкны 2024 оны тоо баримтаар Умард Солонгосын нэрлэсэн дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) жилд 31.7 тэрбум ам.доллароор хэмжигдэж байгаа бол Өмнөд Солонгосынх 1.85 их наяд ам.доллар буюу даруй 58 дахин их байна. Нэг хүнд ногдох ДНБ Умардад дөнгөж 1,230 ам.доллар байгаа бол Өмнөдөд бараг 36,000 ам.долларт хүрсэн нь нэгдэх зардлыг асар ихээр өсгөж буй хэрэг юм.
Үүнээс гадна Солонгосын хойгийн нэгдэл нь геополитикийн ашиг сонирхлын зөрчлийг шууд хөндөнө. Өмнөд Солонгос нь АНУ-тай нягт холбоотон бол Умард нь Хятад болон Оростой стратегийн гүн холбоотой ажилладаг. АНУ Хятад руу хазайсан нэгдсэн Солонгосыг харахыг хүсэхгүй, харин Бээжин өөрийнх нь хил дээр буюу өнөөгийн Умард Солонгосын газар нутагт АНУ-ын цэрэг байрших эрсдэлийг хэзээ ч зөвшөөрөхгүй. Шинжээчдийн үзэж буйгаар одоогийн нөхцөл байдал нь төгс шийдэл биш ч гэлээ бүс нутгийн тогтвортой байдлыг хадгалах хамгийн бодит арга зам болоод байна.


