Казахстан улс Номхон далайн Науру улстай хамтарсан албан мэдээнд гарын үсэг зурснаар Нэгдсэн Үндэстний Байгууллагын (НҮБ) гишүүн бүх улстай албан ёсны дипломат харилцаа тогтоох үйл явцыг бүрэн дуусгалаа. Аравдугаар сарын 31-нд болсон энэхүү үйл явдлаар Науру нь Казахстаны дипломат харилцаатай 195 дахь орон болсныг тус улсын Гадаад хэргийн яамны хэвлэлийн алба мэдээлэв.
Казахстаны дипломат түүхэнд чухал үйл явдал болсон уг баримт бичигт тус улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Кайрат Умаров болон Науру улсын Байнгын төлөөлөгч Лара Эраб Даниэл нар гарын үсэг зуржээ. Хамтарсан албан мэдээ нь НҮБ-ын Дүрэм болон олон улсын эрх зүйн зарчмууд, тэр дундаа бие биеийн тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэх, тэгш эрхтэй байх, дотоод хэрэгт үл оролцох үндсэн дээр хоёр талын хамтын ажиллагааны суурийг тавьж байна.
Уулзалтын үеэр талууд улс төрийн яриа хэлэлцээг өрнүүлэх, худалдаа, эдийн засаг болон хүмүүнлэгийн харилцааг өргөжүүлэх боломжуудыг хэлэлцэв. Цаашид хамтран ажиллах боломжит чиглэлүүдэд худалдаа, тогтвортой хөгжил, дижитал шилжилт, хүний нөөцийн хөгжил зэрэг салбарууд багтаж байна. Түүнчлэн НҮБ болон олон талт бусад форумын хүрээнд хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд онцгой анхаарал хандуулж, олон улсын асуудлаар байнгын яриа хэлэлцээ өрнүүлэх, Номхон далайн орнуудтай түншлэлээ хөгжүүлэхийн ач холбогдлыг хоёр тал цохон тэмдэглэлээ.
Казахстан улс тусгаар тогтнолоо олж авсныхаа дараахан буюу 1992 оны гуравдугаар сарын 2-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 46/224 тоот тогтоолын дагуу тус байгууллагын гишүүнээр элссэн юм. Түүнээс хойш тус улс 2017-2018 онд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүнээр ажиллахаас гадна цөмийн зэвсгийг хураах, бүс нутгийн аюулгүй байдлыг хангах, тогтвортой хөгжлийг дэмжих зэрэг олон санаачилгыг амжилттай хэрэгжүүлж иржээ.


