Канадын Ерөнхий сайд Марк Карни баасан гарагт Монреаль хотноо Европын Холбооны өндөр түвшний төлөөлөгчидтэй уулзсаны дараа DW агентлагт ярилцлага өглөө. Тэрбээр худалдааны хамгийн том түнш болох АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай хэлэлцээ хийхэд хүндрэл үүсэж буй энэ үед канадчууд өмнөд хөршөөсөө хэт хараат байгаагаа ухаарсан гэдгийг тодотгов. Карни 'Бидний авсан сургамж бол бид АНУ-аас хэт хараат, хэт нягт холбоотой болжээ. Тиймээс дотоодын чадавхаа бэхжүүлж, үзэл бодол нэгтэй улс орнуудтай түншлэлээ төрөлжүүлэн гүнзгийрүүлэх шаардлагатай' гэж мэдэгдсэн байна.
Монреаль хотод болсон уг уулзалтад Европын Комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Лейен, Европын Зөвлөлийн ерөнхийлөгч Антонио Коста тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо. Тэд өмнө нь ямар ч улсад олгож байгаагүй 'хамаарал бүхий гишүүнчлэл' хэмээх шинэ статусыг Канад улсад бий болгох төлөвлөгөөг хэлэлцэж байна. Хэдийгээр Германы канцлер Фридрих Мерцийн засгийн газар уг нэр томьёог ашиглахыг эсэргүүцэж буй ч Карни үүнийг дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр Канад улс газар зүйн хувьд Европ тивд байрладаггүй тул ЕХ-ны бүрэн эрхт гишүүн болох боломжгүй ч хамгийн ойр түнш байх боломжтойг тайлбарласан юм.
АНУ-ыг оролцуулахгүйгээр шинэ трансатлантын эвсэл байгуулах гэж байгаа эсэх асуултад Карни худалдааны гол түншээ шахахаас илүүтэй харилцаагаа төрөлжүүлэх зорилготойг онцоллоо. Тэрбээр 'Бид хоёулаа АНУ-ын ойрын түншүүд бөгөөд НАТО-гийн холбоотнууд. АНУ-тай хамтран ажиллах маш олон боломж бий ч Канад болон Европын хамтын ажиллагаа зарим салбарт илүү гүнзгий байх болно' гэжээ. Түүнчлэн хоёр талын худалдааны CETA хэлэлцээр дэлхийн хамгийн амжилттай чөлөөт худалдааны гэрээний нэг болсныг дурдаад, Horizon Europe, Erasmus+ зэрэг хөтөлбөрүүд оюутан, судалгааны солилцоог өргөжүүлж буйг цохон тэмдэглэв.
Цаашид Канад болон Европын Холбоо сансрын технологи, хиймэл оюун болон чухал ашигт малтмалын чиглэлээр хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх боломжтойг Ерөнхий сайд нэрлэлээ. Дональд Трампын зүгээс Онтарио нуурын нэрийг дангаар өөрчлөх оролдлого гаргах эсвэл Карниг мөсөн хоккейн талбайд зодож буй хиймэл оюунаар хийсэн бичлэг нийтлэх зэргээр үл ойлголцол үүсгэж байсан ч хоёр орны ард түмний харилцаа аль ч засгийн газар, удирдагчаас үл хамааран бат бөх хэвээр үлдэнэ гэдгийг Карни хэлсэн юм.
Трамптай хэрхэн харилцах тухайд Карни 'Шулуун, тодорхой байж, өөрийн зарчмын хязгаарыг эргэлзээгүй ойлгуулах хэрэгтэй' хэмээн байр сууриа илэрхийллээ. Хүндэтгэлтэй хандахын зэрэгцээ яриа хэлэлцээг гол сэдэв рүү нь байнга чиглүүлэх нь чухал гэж тэрбээр үзэж байна. Мөн Цагаан ордонд өгөх гол мессеж нь Брюссельтэй хийж буй хэлэлцээ хэн нэгний эсрэг биш, харин дэлхий нийтэд тулгарч буй сорилтуудыг шийдвэрлэхэд чиглэсэн эерэг хамтын ажиллагаа гэдгийг тодотгов.


