Их Британийн эрх баригчид 23 сая айл өрхийн хийн төлбөр дээр нэмэгддэг өдрийн тогтмол хураамжийг цуцлахаар төлөвлөж байна. Уг шийдвэрийг шударга бус, хоцрогдсон тогтолцоог халах томоохон алхам хэмээн тодорхойлсон бөгөөд нийт өрхийн гуравны хоёрт нь жилд дунджаар 45 фунт стерлингийн хэмнэлт авчрах тооцоо гарчээ.
Парламентын Нийтийн танхимд төсвийн мэдэгдэл танилцуулахын өмнө эрчим хүчний зохицуулах хороо болох Ofgem байгууллагад хандаж, уг хураамжийг ирэх жилээс буюу 2027 оноос эхлэн цуцлах хүсэлт тавихаа албаныхан мэдэгдлээ. Одоогийн байдлаар нэг өрх хэрэглээнээсээ үл хамааран жилд дунджаар 108 фунт стерлингийг зөвхөн суурь хураамжид төлдөг байна. Тухайн айл хий огт ашиглаагүй байсан ч уг төлбөрийг заавал төлөх үүрэг хүлээдэг байв.
Сангийн яамны мэдээлснээр данстай нийт өрхийн 60 орчим хувийн жилийн төлбөрөөс дунджаар 45 фунт хасагдах төлөвтэй байна. Энэ нь өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өндөр байгаа үед олон сая өрхийн санхүүгийн дарамтыг хөнгөлөх зорилготой ажээ. Ерөнхий сайдын зүгээс ч хүндрэлд орсон эрчим хүчний зах зээлийг шинэчилж, иргэдийн эрх ашигт нийцүүлэх чиглэлийг өгөөд байсан юм.
Эрчим хүчний салбарын төлөөллүүд уг шийдвэрийг талархан хүлээн авч, илүү шударга, үр ашигтай тогтолцоо бүрдүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ гэж дүгнэж байна. 'Octopus Energy Group'-ийн үүсгэн байгуулагч бөгөөд гүйцэтгэх захирал Грег Жексон хийн төлбөр буурах нь хэрэглэгчдэд бодит хэмнэлт авчрахаас гадна цахилгаан болон хийн үнийн харьцааг сайжруулахад тусална гэдгийг онцоллоо.
Энэхүү шинэ зохицуулалтаас өмнө засгийн газар энэ сарын эхээр цахилгааны төлбөрийн нэмэгдсэн өртгийн албан татварыг бууруулсан билээ. Үүнээс гадна эрх баригчид Умард тэнгис дэх 'Jackdaw' хийн ордыг ашиглах төслийг зөвшөөрсөн төдийгүй хямд, сэргээгдэх эрчим хүчний хөрөнгө оруулалтыг дэмжих шинэ сан байгуулахаа зарлаад байна.


