Миний тохиргоо

Сирийн шинэ эрх баригчид эмэгтэйчүүдийн боловсрол эзэмших эрхийг хязгаарлав

Сирийн Боловсролын яамнаас шинээр байгуулагдсан Батлан хамгаалахын шинжлэх ухааны үндэсний их сургууль болон Аюулгүй байдлын шинжлэх ухааны их сургуулийн элсэлтийн журамд өнгөрсөн аравдугаар сарын эхээр томоохон өөрчлөлт орууллаа. Шинэ журмын дагуу Батлан хамгаалахын их сургууль тодорхой чиглэлийн хөтөлбөрүүддээ зөвхөн эрэгтэй оюутнуудыг суралцуулахаар болсон бол Аюулгүй байдлын их сургууль бараг бүх ангидаа эмэгтэйчүүд элсэхийг хориглов. Дамаскийн коллежид мехатроникийн инженерийн чиглэлээр суралцаж буй 23 настай Лин Нажаб магистрт дэвшин суралцах төлөвлөгөөтэй байсан ч уг шийдвэрийн улмаас өөр муж руу шилжих хувилбарыг хайхаас өөр аргагүй байдалд хүрснээ хуваалцлаа.

Эмэгтэй оюутнуудыг цэрэг, аюулгүй байдлын чиглэлээс хасах шийдвэр нь дотоод болон гадаадад хүчтэй маргаан дэгдээв. Элсэлтийн шинэ дүрмээр Батлан хамгаалахын сургуулийн оюутнууд цэрэгт алба хаах үүрэг хүлээдэг бол Аюулгүй байдлын сургуулийн төгсөгчид дотоодын аюулгүй байдлын албанд 20 хүртэл жил ажиллах шаардлага тавьжээ. Алеппо хотын идэвхтэн Фатун Харбатли 60 жилийн дарангуйллын дараа сиричүүд дэлхийн соёл иргэншилтэй хөл нийлүүлэн алхах ёстой хэмээн байр сууриа илэрхийлсэн юм. Нөгөө талд хөдөө орон нутгийн зарим иргэд эдгээр салбарыг бие бялдрын өндөр ачаалал, алслагдсан талбайд ажиллах нөхцөл шаарддаг тул залуу эрчүүдэд илүү тохиромжтой гэж дэмжлээ.

Хүний эрхийн 'Human Rights Watch' байгууллага уг журмыг олон улсын эрх зүйн үүргээ зөрчсөн явдал хэмээн мэдэгдэж, шилжилтийн үеийн эрх баригчдыг шүүмжлэв. Батлан хамгаалахын салбараас гадна Алеппо хотын төмөр замын сургууль, Рмейлан, Хомс, Дейр-эз-Зор, Банияс дахь газрын тос, байгалийн хийн сургалтын төвүүдэд эмэгтэй оюутнуудыг сургахыг хоригложээ. Мөн Идлиб хотын радио, телевизийн сургалтад эмэгтэйчүүдийг хамруулахгүй болсон бол эрэгтэйчүүдийг цэцэрлэгийн багш, сувилагч, эх баригчийн чиглэлээр суралцахыг хориглож, зөвхөн эмэгтэйчүүдэд зориулсан салбар болгон хуваав.

Үүнээс гадна Сирийн боловсролын салбарт хийгдэж буй дараагийн өөрчлөлт нь 2026-2027 оны хичээлийн жилийн сурах бичгүүдэд хамаарч байна. Башар Асадын дарангуйллын үеийн бэлгэ тэмдгийг арилгахаас гадна толгойн алчуургүй эмэгтэйчүүдийн зургийг хасах буюу гивлүүр өмссөн болгон засварлаж эхэлжээ. Түүнчлэн нүцгэн цээжтэй баримлын зурагт хантааз зурж, эрчүүд бүжиглэж буй зургийг сурах бичгээс бүрэн хассан болохыг хэвлэлүүд онцоллоо.

Ойрх Дорнодын хүрээлэнгээс 2024 онд танилцуулсан судалгаанд дурдсанаар, Арабын олон улс эмэгтэйчүүдийг цэрэгт алба хаахыг зөвшөөрдөг боловч ихэвчлэн байлдааны бус, бэлгэдлийн шинжтэй албанд хуваарилдаг байна. Шинжээч Дина Аракжи батлан хамгаалах салбарт хүйсийн тэгш байдлыг хангах нь иргэд улс орноо хамгаалах ижил үүрэгтэйг харуулах ач холбогдолтой гэж дүгнэжээ. Сирийн эмэгтэйчүүдийн улс төрийн хөдөлгөөний идэвхтэн Рана аль-Аш энэ мэт хориг нь охид бүсгүйчүүдийн нийгэмд эзлэх байр суурийг хязгаарласан буруу мессеж өгч байгааг анхааруулав.

Швейцар дахь Ойрх Дорнодын хүрээлэнгийн шинжээч Надра Бунни хүйсийн ялгавартай эдгээр хязгаарлалт цаашид Сирийн байнгын бодлого болох эсэх нь одоогоор тодорхойгүй байна гэж тэмдэглэлээ. Түүнчлэн энэхүү хориг шийдвэр нь шинээр гарч ирсэн эрх баригчид иргэдийнхээ санал шүүмжлэлийг сонсож шийдвэрээ эргэн харах уу, эсвэл иргэдийн дуу хоолой төрийн бодлогод ямар ч нөлөөгүй болохыг харуулах уу гэсэн чухал шалгуур болоод байна.

Deutsche WelleDeutsche Welle · Эх сурвалж