Японы прокурорын байгууллага Окинава арал дахь АНУ-ын цэргийн баазад алба хааж байхдаа нутгийн эмэгтэйг хөнөөж, эд хөрөнгийг нь дээрэмдсэн гэх тэнгисийн явган цэрэгт албан ёсоор ял тулгалаа. Энэ тухай Японы NHK телевиз мэдээлэв.
Окинава дахь 'Футэнма' нисэх баазад алба хаадаг 20 настай ахлах түрүүч Дэвин Жейкоб Баллард нь Наха хотын нэгэн зочид буудалд 39 настай Анна Ягиг боож амийг нь хөнөөсөн бөгөөд түрийвч бүхий үүргэвчийг нь дээрэмдсэн хэрэгт буруутгагдаж байна. Хохирогчийн цогцос аравдугаар сарын эхээр олдсоны дараа цагдаа нар сэжигтнийг баривчилсан бөгөөд прокуророос ням гарагт яллах дүгнэлт үйлдсэн ч тэрээр гэм буруугаа хүлээхгүй байгаа аж.
Хяналтын камерын бичлэгт сэжигтэн этгээд хохирогч эмэгтэйтэй хамт өрөөнд орж, улмаар түүний эд зүйлийг авч гарч буй нь бичигдсэн байжээ. Уг дүрс бичлэгт тулгуурлан цагдаа нар түүнийг саатуулан шалгасан байна. Энэхүү хэрэг гарсны дараа Окинава арал болон нийслэл Токио хотод эсэргүүцлийн жагсаал өрнөж, улс төрийн хүрээнийхэн уг явдлыг хатуу буруушаав. Мөн Окинава дахь Америкийн цэргийн алба хаагчдад хөл хорио тогтоож, согтууруулах ундаа хэрэглэхийг хоригложээ.
Японд байрладаг 54,000 орчим америк цэргийн дийлэнх нь Окинавад төвлөрдөг бөгөөд тэдний холбогдсон хүчин, танхай, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зэрэг хэргүүд хоёр орны харилцаанд олон жилийн турш сөргөөр нөлөөлсөөр ирсэн байна. Тухайлбал, 2025 оны зургаадугаар сард Америкийн тэнгисийн явган цэрэг 20 гаруй насны эмэгтэйд хүч хэрэглэн бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр долоон жилийн хорих ял сонсож байв. Мөн 2017 онд цэргийн баазын ажилтан орон нутгийн эмэгтэйг хүчирхийлэн хөнөөсөн хэргээр бүх насаараа хоригдох ял авч байжээ.
Японы 'Ёмиүри Шимбүн' сонины мэдээлснээр, 1972 онд АНУ Окинаваг Японд буцаан шилжүүлснээс хойш Америкийн 6,000 орчим цэргийн алба хаагч гэмт хэрэгт холбогдон баривчлагджээ. Зөвхөн 2024 онд гэхэд 80 алба хаагч баривчлагдсан нь сүүлийн 20 жилийн хамгийн дээд үзүүлэлт болоод байна. Японы Батлан хамгаалахын сайд Шинжиро Коизүми уг хэрэгтэй холбогдуулан мэдэгдэхдээ, Америкийн цэргүүдтэй холбоотой осол, гэмт хэрэг нь орон нутгийн иргэдийн дунд ихээхэн түгшүүр үүсгэж буйг цохон тэмдэглэж, ийм зүйл дахин давтагдах ёсгүйг анхаарууллаа.


