ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер найман жилийн дараа БНХАУ-д төрийн айлчлал хийж эхэллээ. Энэ хугацаанд Хятад болон Европын харилцаанд томоохон өөрчлөлтүүд гарсан юм. Германы төрийн тэргүүн тус улсын хэд хэдэн бүс нутгаар аялсны эцэст Бээжин хотноо айлчлалаа өндөрлүүлж, БНХАУ-ын удирдагчидтай албан ёсны хэлэлцээ хийхээр төлөвлөжээ. Тус айлчлал нь Хятадын Коммунист намын Төв хорооны бүгд хуралтай зэрэгцэж буйгаараа онцлог бөгөөд гадаадын төрийн тэргүүнүүд энэхүү томоохон арга хэмжээний үеэр айлчлахаас ихэвчлэн зайлсхийдэг билээ.
Ерөнхийлөгчийн тамгын газраас мэдээлснээр таван өдөр үргэлжлэх энэхүү айлчлал нь Герман, Хятадын олон талт, ээдрээтэй харилцаа болон тулгамдаж буй сорилтуудад чиглэнэ. Хөтөлбөрийн хүрээнд соёлын солилцооны газруудаас гадна Хэфэй хот дахь 'Volkswagen' компанийн үйлдвэрт зочлох юм. Автомашины салбар нь Германы Хятадтай харилцах бодлогын ээдрээтэй байдлыг тод харуулдаг жишээ болдог. Хятад улс нь Германы автомашин үйлдвэрлэгчид, машин механизм болон химийн үйлдвэрлэлийн хамгийн том зах зээл хэвээр байгаа ч Бээжингийн зүгээс төрийн дэмжлэгтэйгээр үйлдвэрлэлийн хүчин чадлаа хэт өсгөсөн нь Европын үйлдвэрлэгчдэд хүнд дарамт болж байна.
Үүнээс гадна Герман болон Европ түүхий эд, технологийн хувьд Хятадаас хараат байгаа нь өөр түншүүдийг эрчимтэй хайхад хүргэв. Нэгэн цагт олон улсын худалдаагаар дамжуулан бусад улсыг ардчилалд чиглүүлж болно гэх 'худалдаагаар дамжуулан өөрчлөх' бодлогыг дэмжигч байсан Штайнмайер энэ удаад Бээжинд Европын хатуу байр суурийг илэрхийлэх шаардлагатай болж байна. Европын орнууд түншлэл ба өрсөлдөөний зааг дээр Хятадаас нийлүүлэх залгадаг эрлийз (plug-in hybrid) автомашины импортыг хумих тохиролцоонд саяхан хүрсэн юм.
Штайнмайерын энэхүү айлчлалтай зэрэгцэн Холбооны Канцлер Фридрих Мерц бизнесийн төлөөлөгчдийн хамт Энэтхэг-Номхон далайн бүс нутаг руу хөдөллөө. Канцлер Япон, Сингапур, Өмнөд Солонгос улсад айлчлах бөгөөд өрсөлдөх чадвар, технологийн шинэчлэл, батлан хамгаалах хамтын ажиллагаа болон стратегийн чухал түүхий эдийн асуудлыг хөндөнө. Токио болон Сөүл хотод томоохон компаниуд болон бүс нутгийн эдийн засгийн чуулганд оролцож буй эдгээр зэрэгцээ айлчлалаар Берлин давхар дохио илгээж буйг шинжээчид онцолж байна. Тухайлбал Канцлер түншлэлээ бэхжүүлж байхад Ерөнхийлөгч Бээжинтэй эрсдэлийг бууруулах, яриа хэлэлцээг үргэлжлүүлэх чиглэлээр тэнцвэр хадгалахыг зорьж байна.
Мерцийн багт эдийн засгийн томоохон бүрэлдэхүүн багтсан бол Штайнмайер соёл, улс төр, эрдэм шинжилгээний салбарын төлөөлөлтэй хамт зорчив. Түүний бүрэлдэхүүнд Бээжингийн хоригт орсон 'MERICS' хүрээлэнгийн захирал Микко Хуотари багтсан нь Германы зүгээс хоригийг эсэргүүцэж буй тодорхой дохио болов. Европын Холбоо 2021 онд уйгур үндэстний хүний эрхийг зөрчсөн асуудлаар Хятадын албан тушаалтнуудад 1989 оны Тяньаньмэний явдлаас хойш анх удаа хориг арга хэмжээ авахад Бээжин хариуд нь Европын судлаачид, байгууллагуудад хориг тавьж байсан юм. Хэдий тийм боловч бодит бодлого баримталдаг Штайнмайерын айлчлалын үеэр хүний эрхийн асуудал голлох сэдэв болохгүй гэж ажиглагчид үзэж байна.
Харин Ерөнхийлөгч Штайнмайер Украины дайны сэдвийг шулуухан тавьж, Бээжингийн оролцооны талаар хөндөх магадлал өндөр байна. Хятад улс Оросыг дэмжиж байгаа ч мөргөлдөөнийг шийдвэрлэх яриа хэлэлцээнд Москваг уриалахад Бээжин илүү үүрэг гүйцэтгэх боломжтой гэж Берлин үзэж буй юм. Тэрбээр Бээжингийн Их сургуульд тавих илтгэлдээ олон улсын дэг журам болон хүч чадлаа хэрхэн ашиглах талаар байр сууриа тодорхой илэрхийлэх төлөвтэй байна.
Айлчлалын төгсгөлд Ерөнхийлөгч Штайнмайер 20 шахам жилийн өмнөөс мэдэх БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян болон Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жао Лөжи нартай уулзана. Энэхүү айлчлал нь Штайнмайерын хоёр дахь бүрэн эрхийн хугацаандаа Азийн бүс нутагт анхаарал хандуулсан бодлогынх нь оргил үе болж байна.


