Миний тохиргоо

Сербийн Ерөнхийлөгч Вучич сонгуульд ялагдсанаа хүлээн зөвшөөрөв

Сербийн улс төрийг олон жил удирдсан барууны популист удирдагч Александр Вучич ням гаргийн орой болсон парламентын ээлжит бус сонгуульд ялагдсанаа зарлав. Тэрбээр нийслэл Белград дахь өөрийн Сербийн дэвшилтэт намын төв байранд хийсэн мэдэгдэлдээ 'Бидэнд эцсийн дүн хараахан гараагүй байгаа ч сонгуульд ялагдсан нь нэгэнт тодорхой боллоо' гэж онцолжээ.

Ерөнхийлөгчийн хоёр бүрэн эрхийн хугацаагаа дуусгаж, гурав дахь удаагаа нэр дэвших боломжгүй болсон Вучич намдаа түшиглэн 2017 онд шилжүүлж байсан Ерөнхий сайдын суудалд дахин суухаар зорьж байв. Гэвч сонгогчид авлига, төрийн хариуцлагагүй байдлыг эсэргүүцсэн оюутнуудын нэгдлийг илүүтэй дэмжлээ. Тус хөдөлгөөн нь эмч, жүжигчин, эрдэмтэн, тамирчин зэрэг нийгмийн олон салбарын төлөөллийг 250 суудалтай парламентын сонгуульд нэр дэвшүүлсэн юм.

Оюутны хөдөлгөөний манлайлагчдын нэг Илижа Срданович 'Энэ улс орон чөлөөт төртэй болно' хэмээн мэдэгдээд, Засгийн газрыг эсэргүүцэгчдийг нэгтгэсэн тус хөдөлгөөн улс орноо дарангуйллаас чөлөөлөхийг зорьж буйг тэмдэглэв. Тэд жагсагчдыг дарах үеэр хууль зөрчсөн албан тушаалтнуудыг шалгах, төрийн өмчит компаниудад улс төрийн томилгоо хийхийг зогсоох, төрийн мэдээллийн хэрэгслийг хяналтаас гаргах мөрийн хөтөлбөр дэвшүүлжээ.

Ээлжит бус сонгууль зарлах гол шалтгаан нь 2024 онд Нови Сад хотын төмөр замын буудлын дээвэр нурж, 16 хүн амиа алдсантай холбоотой хоёр жилийн турш өрнөсөн эсэргүүцлийн хөдөлгөөн байв. Уг ослыг иргэд төрийн авлига, хариуцлагагүй байдлын илрэл гэж үзэн хүчтэй шүүмжилсээр ирсэн юм.

Сонгуулийн хорооны урьдчилсан мэдээгээр ирц түүхэн дээд хэмжээнд хүрсэн нь оюутны хөдөлгөөнд давуу тал авчирсан гэж шинжээчид үзэж байна. Санал хураалт дуусахаас хоёр цагийн өмнө буюу орон нутгийн цагаар 18:00 цагт ирц 64.9 хувьтай байсан бөгөөд дотоодод төдийгүй Словени, Герман, АНУ, Франц дахь Сербийн диаспорагийн дунд урт дараалал үүсжээ. Вучич ялагдлаа хүлээн зөвшөөрсний дараа нийслэл Белград болон Нови Сад хотын гудамжинд иргэд баярлан бүжиглэж, ялалтын уриа хашхиран баяраа тэмдэглэж байна.

BBC NewsBBC News · Эх сурвалж