Миний тохиргоо

АНУ-Ираны мөргөлдөөн хурцдахад дэлхийн газрын тосны нөөц хангалтгүй гэж шинжээчид үзэв

Ормузын хоолой орчимд газрын тос тээвэрлэгч танкерууд халдлагад өртөж, АНУ-Израиль болон Ираны хоорондох дайныг зогсоох яриа хэлэлцээ мухардмал байдалд орсноор түүхий эдийн ханш эрчимтэй өсөв. Олон улсын жишиг Brent маркийн тосны үнэ лхагва гарагт 2 гаруй ам.доллароор нэмэгдэж, нэг баррель нь 110.85 ам.долларт хүрсэн нь сүүлийн таван сарын дээд үзүүлэлт болов. Үүний өмнөхөн Ираны Лалын хувьсгалыг хамгаалагчдын корпус хоолойн бүсэд хоёр танкер минад өртөж шатсан хэмээн мэдээлсэн бол пүрэв гарагт дахин долоон хөлөг онгоцыг оносон гэж мэдэгдсэн байна. АНУ уг мэдээллийг няцаасан хэдий ч бүс нутгийн түгшүүр намжсангүй.

Өнгөрсөн есдүгээр сард Йемений хуситууд Улаан тэнгисийн Баб-эль-Мандебын хоолой орчмын газар нутгийг хяналтдаа авснаар ачаа тээврийн өөр нэг чухал гарц хаагдах эрсдэл үүслээ. Хоёрдугаар сарын 28-нд дайн эхэлснээс хойш их хэмжээгээр ашигласан дэлхийн яаралтай тусламжийн газрын тосны нөөц сүүлийн хэдэн арван жилийн хамгийн доод түвшинд хүрсэн үед уг хурцадмал байдал үүсэв. Олон улсын эрчим хүчний агентлагийн 32 гишүүн орон гуравдугаар сарын 11-нд 400 сая баррель газрын тосыг зах зээлд гаргахаар тохиролцсон бөгөөд үүнд АНУ Стратегийн газрын тосны нөөцөөсөө 172.2 сая баррель, Япон 79.8 сая баррелийг нийлүүлэх үүрэг хүлээжээ. Үүний үр дүнд АНУ-ын стратегийн нөөц 283 сая баррель болж буурсан нь 1982 оны аравдугаар сараас хойших хамгийн бага хэмжээ болсон байна.

Шинжээчдийн тооцоолсноор Хятад болон Ираныг эс тооцвол дэлхийн стратегийн нөөц 2025 оны арванхоёрдугаар сарын сүүлчээс хойш 327 сая баррелиар багассан бөгөөд үүний 95 хувийг АНУ, Европ болон Япон дангаараа зарцуулжээ. Одоогоор дэлхийн хэмжээнд ашиглах боломжтой 400 сая орчим баррель нөөц үлдсэнээс тал шахуу хувь нь Японд хадгалагдаж байна. Европын орнуудад хуваарилагдаагүй 76 сая баррель байгаа ч Герман тэргүүтэй улсууд дотоодын онц байдалд зориулан нөөцөө хадгалсаар байна. Харин Хятадын хуурай газрын нөөц 1.13 тэрбум баррель байгаа нь тус улсын боловсруулах үйлдвэрүүдийн 80 хоногийн хэрэгцээг хангах түвшин бол Энэтхэгийн нөөц дөнгөж 8 хоногийн импортыг нөхөх хэмжээнд хүрэлцэнэ.

Дайн эхлэхээс өмнө дэлхийн газрын тос болон шингэрүүлсэн хийн нийлүүлэлтийн тавны нэг буюу өдөрт 20 сая баррель түүхий эд Ормузын хоолойгоор дамждаг байв. Саудын Араб эл хоолойг тойрч, Улаан тэнгисийн Янбу боомтоор газрын тос экспортлох хоолойгоо ашиглаж байгаа ч өмнө зүгт Баб-эль-Мандебын хоолойд хуситуудын хориг саадтай тулгарчээ. Энэ сард тус хоолойгоор өдөрт ердөө 373,000 баррель саудын тос дамжин өнгөрсөн нь хоёрдугаар сараас хойших хамгийн доод үзүүлэлт болов. Хэрэв Ормуз бүрэн хаагдаж, өмнөд зам тасарвал Ойрхи Дорнодоос өдөрт экспортлох хэмжээ 16.8 сая баррелиас 7.5 сая болж огцом буурч, зах зээлд өдөрт 9.3 сая баррелийн ноцтой хомсдол үүсэхээр байна.

Зах зээлийн шинжээчид энэхүү хомсдолыг одоо үлдсэн нөөцөөр нөхөх боломжгүй бөгөөд нийлүүлэлт бүрэн гацвал нөөц хэдхэн долоо хоног буюу дээд тал нь нэгээс хоёр сар л хүрэлцэнэ гэдгийг анхаарууллаа. Япон, Өмнөд Солонгос нөөцөө зах зээлд хурдан гаргах боломжтой ч АНУ-ын нийлүүлэлт гурван сарын хугацаанд үе шаттай хийгддэг, дээрээс нь Европ нөөцөө хуваалцах эсэх нь тодорхойгүй байна. Нийлүүлэлт тасалдвал нэг баррель тосны үнэ 150 ам.долларт хүрч, улмаар дизель түлшний хомсдол хэрэглэгчдэд хамгийн хүнд цохилт болох эрсдэлтэйг мэргэжилтнүүд онцоллоо. Нөөц багатай, Баруун Африкаас ачаа хүлээхэд 28 хүртэл хоног шаардагддаг Энэтхэг, Пакистан зэрэг Азийн орнууд хамгийн түрүүнд цохилтод өртөх магадлалтай байна.

Нөгөө талд түлшний үнийн огцом өсөлт нь газрын тосны томоохон компаниудын ашгийг эрс нэмэгдүүлсээр байна. Энэ оны хоёрдугаар улиралд ExxonMobil 14.5 тэрбум ам.долларын ашиг олсон нь сүүлийн дөрвөн жилийн дээд үзүүлэлт болсон бол Chevron 12 тэрбум, Shell бараг 10 тэрбум ам.долларын цэвэр ашиг олжээ. Үүнтэй холбогдуулан АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн наймдугаар сард дээрх компаниудыг зохиомол хомсдол дээр дөрөөлж хэт өндөр ашиг олж байна хэмээн шүүмжилсэн юм. Хэрэв хоёр дахь шатны мөргөлдөөн дэгдвэл газрын тос боловсруулагчид Латин Америк, Африк болон ОХУ-ын нийлүүлэлтийг түлхүү онилох төлөвтэй байна.

Al JazeeraAl Jazeera · Эх сурвалж