Австралийн Сидней хотын шөнийн цэнгээний дүүрэг Кингс Кросс дахь хоёр стрип клубийн эзэн Мантос Пападопулос өөрийн эзэмшлийн байгууллагуудад нэвтрэх эрхийг хязгаарласан шийдвэрийг цуцлуулахаар гаргасан хүсэлтийг Шинэ Өмнөд Уэльс мужийн Захиргааны трибунал хэрэгсэхгүй болгов. Мужийн Цагдаагийн газрын хүсэлтээр Согтууруулах ундаа, мөрийтэй тоглоомын бие даасан газраас өнгөрсөн долоодугаар сард түүнд уг хоригийг тавьсан юм.
Уг шийдвэрийн дагуу Пападопулосыг Кингс Кросс болон Сиднейн төв бизнесийн бүсийн өндөр эрсдэлтэй цэнгээний газруудад 12 сарын хугацаанд нэвтрэх, тэнд байхыг бүрэн хоригложээ. Түүний эзэмшдэг 'Sydney Elements' болон 'Showgirls' хэмээх хоёр газар хоёулаа эрсдэл өндөртэй ангилалд багтдаг болохыг шүүхийн сонсголын үеэр танилцуулсан байна.
Өнгөрсөн гуравдугаар сарын 15-нд түүнийг өөрийн эзэмшлийн клубийн ажилтанд халдаж, зөвшөөрөлгүйгээр санаатайгаар багалзуурдсан зэрэг долоон төрлийн хэрэгт буруутган баривчилжээ. Мөн тухайн сард түүнийг өөрийн клуб болон гэртээ өөр хэд хэдэн хууль бус үйлдэл гаргасан хэмээн нэмж ялласан байна. Тухайлбал, согтуурсан эмэгтэй ажилтны нүүр рүү бэлэг эрхтнээрээ цохисон, түүнчлэн өөр нэг ажилтанд халдсан гэх хэрэг багтаж байгаа юм.
Пападопулос цагдаагийн байцаалтын үеэр хэргээ хүлээгээгүй бөгөөд хяналтын камерын бичлэгийг 'хиймэл оюун ухаанаар хийсэн хуйвалдаан' хэмээн мэдүүлжээ. Үүнээс гадна түүнийг өнгөрсөн гуравдугаар сард клубт ажилчид байхад нэвтэрсэн үл таних эрийг хана руу түлхэж, газарт унагаан цээж рүү нь өшиглөж, нүүр рүү нь хүчтэй цохин ухаан алдуулж биед нь гэмтэл учруулсан хэрэгт тусад нь буруутгасан байна. Энэ хэргийн шүүх хурал ирэх сард товлогджээ.
Пападопулос шүүхэд тайлбар өгөхдөө өөрийгөө гэм буруугүй гэж үзэж байгаагаа хэлээд, 53 настай, урьд өмнө хүчирхийллийн хэргээр гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэр гарч байгаагүй гэжээ. Тэрбээр 'Sydney Elements' клубт 17 сая гаруй ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд хориг нь өөрийнх нь амьжиргаа, бизнест шууд сөргөөр нөлөөлж байна гэж гомдол гаргасан аж.
Гэвч трибуналын ахлах гишүүн Талиа Гордон уг тайлбарыг хүлээн авсангүй. Тэрбээр Пападопулосыг клубтээ очих нь дахин асуудал тарьж, тус газрын менежер болон тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд эрсдэл үүсгэх магадлалтай гэж үзжээ. Ийнхүү клубийн эзэн Пападопулос ирэх оны долоодугаар сар хүртэл уг бүсэд нэвтрэх эрхгүй хэвээр үлдлээ.


