Канадын Цагаачлал, дүрвэгсэд, иргэншлийн асуудал эрхэлсэн сайд Лена Метлеж Диаб эдийн засаг болон хөдөлмөрийн зах зээлийн хэрэгцээнд нийцүүлэн Express Entry системийн үнэлгээний журмыг шинэчилж буйг албан ёсоор мэдэгдлээ. 2026 оны 11 дүгээр сарын 3-ны өдрөөс эхлэн хэрэгжих шинэ дүрмийн дагуу Канадад ажилласан туршлагатай болон өндөр цалинтай ажлын байранд шалгарсан горилогчдод нэмэлт оноо олгохоор тогтов.
Энэхүү шинэчлэл нь инженер, цахилгаанчин зэрэг Канадын эдийн засагт нэн шаардлагатай, хөдөлмөрийн зах зээлд өндөр үр өгөөж үзүүлэх мэргэжилтнүүдийг татах, улсдаа үлдээхэд чиглэж байна. Канадын засгийн газар ажиллах хүчний хомсдолыг нөхөх, эдийн засгийн өсөлтийг урт хугацаанд тогтвортой хангах үүднээс чадварлаг боловсон хүчинг сонгон шалгаруулах шалгуурыг ийнхүү дахин тодорхойллоо.
Үүнээс гадна төрийн хүнд суртлыг бууруулах зорилгоор ажлын санал үнэлэх журамд бодит өөрчлөлт орлоо. Ирэх 11 дүгээр сарын 3-наас эхлэн холбооны мэргэжилтэй ажилтны хөтөлбөр болон мэргэшсэн мэргэжлийн хөтөлбөрийн хүрээнд хөдөлмөрийн зах зээлийн нөлөөллийн үнэлгээ буюу LMIA шаардахаа болихоор болов. Гэхдээ залилан мэхлэх эрсдэлээс сэргийлэх, цагаачлалын системийн найдвартай байдлыг хамгаалах үүднээс тухайн ажлын байр бодитой эсэхийг нарийвчлан шалгах арга хэмжээ хэвээр үргэлжилнэ.
Одоогоор Express Entry системд бүртгэлтэй байгаа горилогчдын оноог шинэ журмын дагуу автоматаар дахин тооцоолохоор төлөвлөжээ. Харин баталгаажсан ажлын саналаар нэмэлт оноо авах хүсэлтэй нэр дэвшигчид 11 дүгээр сарын 3-наас өмнө хувийн мэдээллээ шинэчлэх шаардлагатай юм. Оноог дахин тооцоолох ажил хоёр долоо хоног орчим үргэлжлэх тул энэ хугацаанд цагаачлах урилга илгээх үйл явцыг түр зогсооно.
Энэхүү шийдвэр нь цагаачлалын бодлогыг эдийн засгийн бодит эрэлттэй уялдуулах цуврал алхмуудын нэг болж байна. Өмнө нь тус улс 2025 оны 12 дугаар сард эмч нарт зориулсан цагаачлалын тусгай хөтөлбөр гаргасан бол 2026 оны хоёрдугаар сард эрүүл мэнд, тээвэр, боловсрол, судалгаа шинжилгээний салбарын мэргэжилтнүүдэд тэргүүлэх чиглэл олгох ангиллыг шинэчилж байв.
Шинэ журмаар өндөр цалинтай мэргэжилд Канадын нийт ажиллах хүчний дундаж цалингаас 1.3 дахин их орлоготой ажлын байрыг хамааруулахаар тогтоожээ. Энэхүү жагсаалтыг сүүлийн гурван жилийн Хөдөлмөрийн банк, ажиллах хүчний судалгаа болон хүн амын тооллогын өгөгдөлд үндэслэн Цагаачлалын яам албан ёсны цахим хуудсандаа нийтэлж, цаашид тогтмол шинэчлэх юм.


