Германд нацизмын эсрэг тэмцсэн түүхийг өгүүлэхэд Софи Шолль, Клаус фон Штауффенберг зэрэг олон хүн бэлгэ тэмдэг болсон байдаг. Харин өсвөр наснаасаа фашизмыг эсэргүүцэж, хорих лагерьт амиа алдах хүртлээ тэмцсэн Ева Мамлокын нэр удаан хугацаанд мартагдаад байв. Берлин хотын захиргаа Кройцберг дүүрэг дэх Блюхерплац талбайг аравдугаар сарын 16-наас эхлэн албан ёсоор Ева Мамлокын нэрэмжит болгон өөрчиллөө.
Ева Мамлок 1918 оны тавдугаар сарын 6-нд Берлинд дархны бөөний худалдаа эрхэлдэг еврей гэр бүлд мэндэлжээ. Веймарын Бүгд Найрамдах Улсын үед нийгэм, эдийн засгийн идэвхтэй давхаргад өссөн тэрээр 1933 онд Гитлер засгийн эрхэнд гарахад 14 настай байв. Социалист Ажилчны Залуучуудын эвлэлийн гишүүн байсан охин зүүний үзэл баримтлалтай байгууллагуудыг хориглосны дараа далд эсэргүүцлийн хөдөлгөөнд идэвхтэй оролцож эхэлжээ.
Түүний байгуулсан эсэргүүцлийн бүлгээс амьд үлдсэн цорын ганц хүн болох Инге Бернер (1922-2012)-ийн дурссанаар Ева Блюхерплац дахь их дэлгүүрийн дээвэр дээр гарч 'Гитлер зайл' гэсэн уриа бичиж байжээ. Улмаар 1934 оны арваннэгдүгээр сард социалист удирдагчдын дурсгалыг хүндэтгэх арга хэмжээнд оролцсоных нь төлөө түүнийг баривчилсан түүхтэй. Эрх баригчид 16 настай охиныг шүүх хуралгүйгээр Моринген дэх эмэгтэйчүүдийн хорих лагерьт 1935 оны тавдугаар сар хүртэл хорьсон байна.
Суллагдсаныхаа дараа тэрээр далд бүлгүүдийн үйл ажиллагаанд үргэлжлүүлэн оролцож, Петер Сиемсен (1914-2004)-тэй танилцсан бөгөөд тэд Сиемсенийг 1937 онд Аргентин руу цагаачлах хүртэл хамт байжээ. Ева 1939 онд Тана хэмээх охин төрүүлсэн боловч хүүхдийг асрамжийн газарт шилжүүлж, сүүлд 1942 онд Освенцимын бөөнөөр хорих лагерьт хөнөөсөн юм. Ева өөрөө 1940 онд Берлиний үйлдвэрт албадан хөдөлмөр эрхлэх явцдаа нацизмын эсрэг эмэгтэйчүүдийн нууц бүлгийг үүсгэн байгуулав.
Тус бүлгийнхэн ухуулах хуудас тарааж, Гитлерийг шүүмжилсэн уриа бичдэг байснаас гадна хориотой уран зохиолын номуудыг нууцаар уншдаг байжээ. Хориотой ном тараасан хэргээр түүнийг 1942 оны нэгдүгээр сарын 13-нд Латвийн Рига дахь гетто руу цөлсөн байна. Ева тэнд ч эсэргүүцлийн ажиллагааг үргэлжлүүлж, гетто дахь нөхцөл байдлыг баримтжуулахаар нууц аппарат хүлээн авч байсан ч 1944 оны сүүлчээр Штуттхофын хорих лагерьт амиа алджээ.
Уг талбай өмнө нь 1813, 1815 оны тулаануудад Наполеоныг ялж явсан Пруссын фельдмаршал Гебхард Леберехт фон Блюхерийн нэрээр нэрлэгдэж байв. 2011 онд Мамлокт зориулсан дурсгалын чулуу тавигдсанаас хойш судлаач Александра Вельц-Ромбах түүний түүхийг судлан, 2024 онд үзэсгэлэн болон подкаст цувралаар дамжуулан залууст танилцуулжээ. Одоо энэ талбайд соёлын олон талт багт наадам зохион байгуулагддаг төдийгүй Германы хамгийн том нийтийн номын сан оршдог тул Евагийн нэрэмжит болгосон нь бэлгэдэл болж байна.


