Миний тохиргоо

Прага хотод XIV зууны үеийг харуулсан гэрлийн хүрээлэн нээгдэв

Чехийн нийслэл Прага хотын ‘Жлуте лазне’ цогцолборт тус хотын дундад зууны үеийн түүхийг харуулсан гэрлийн хүрээлэн үүдээ нээлээ. Уг арга хэмжээний үеэр зочид XIV зууны үеийн хотын түүхэн дүр төрхтэй танилцах боломжтой юм.

Чехийн нийслэл Прага хотын 'Жлуте лазне' амралтын бүсэд дундад зууны түүхээс сэдэвлэсэн 'Story of Lights' хэмээх гэрлийн шинэ үзэсгэлэн эхэллээ. Уг хүрээлэн 2026 оны аравдугаар сарын 16-наас 2027 оны нэгдүгээр сарын 31-нийг дуустал олон нийтэд үйлчилнэ.

Үзэсгэлэн зочдыг Бохемийн хаан бөгөөд Ариун Ромын эзэнт гүрний эзэн хаан IV Карлын хаанчлалын үе буюу XIV зууны Прага хот руу аялуулж байна. Тухайн цаг үед хаан IV Карл хотыг эрчимтэй хөгжүүлж, 1348 онд 'Шинэ хот'-ыг байгуулан, алдарт Карлын гүүрийн бүтээн байгуулалтыг эхлүүлснээр Прага хотыг дундад зууны Европын улс төр, соёл, шашны гол төв болгож байв.

Талбайд байрлуулсан олон мянган LED гэрлүүд харанхуй болмогц асах бөгөөд үзэгчид дундад зууны үеийн архитектур, бэлгэдэл, түүхийг харуулсан тусгай чиглэлийн дагуу явж танилцах аж. Үзмэрүүдийн дунд Карлын гүүр, готик маягийн цамхгууд, сүмийн хаалганы нуман хаалга, хааны титэм болон хаан ширээнд залах ёслолын бэлгэ тэмдгүүдийг орчин үеийн гэрэлтүүлгийн технологиор дүрслэн харуулжээ.

Зохион байгуулагчид хүүхэдтэй гэр бүлүүд болон оройн цагаар агаарт алжаалаа тайлах хүсэлтэй хүмүүст зориулан зарим үзмэрийг интерактив хэлбэрээр бүтээсэн байна.

Түүнчлэн арваннэгдүгээр сарын 6-ны өдрөөс эхлэн зочид Влтава мөрнөөр гэрэлт завиар аялах боломжтой болох аж. Үдшийн усан аяллыг баасан, бямба, ням гараг болон нийтээр амрах баярын өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөжээ.

Prague MorningPrague Morning · Эх сурвалж