ОХУ-ын Аюулгүй байдлын алба алс дорнодын Сахалин арал дээр Японы 'Hokkaido Shimbun' сонины сурвалжлагч Юки Имайг тагнуулын хэргээр баривчилсан тухай мэдэгдлээ. Түүнийг Оросын батлан хамгаалах чадавхтай холбоотой нууц мэдээлэл цуглуулж, Японы тусгай албанд дамжуулахаар бэлтгэж байсан гэж буруутгасан байна. Энэ явдлын дараа Японы Гадаад хэргийн яам Токио хот дахь ОХУ-ын Элчин сайд Николай Ноздревыг дуудан уулзаж, шаардлага хүргүүлжээ.
Баривчлагдсан сэтгүүлчийг Москва хот руу нисгэн авчирч, шүүхийн шийдвэрээр ирэх 12 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл урьдчилан хорих төвд саатуулахаар болсон байна. ОХУ-ын хуулиар тагнуул хийсэн гэм буруутай нь нотлогдвол түүнд 20 хүртэлх жилийн хорих ял оноох хуулийн заалттай байдаг аж. Японы тал өөрийн иргэндээ хүмүүнлэг хандаж, хэргийн талаарх мэдээллийг түргэн шуурхай өгөхийг Оросын холбогдох албанаас албан ёсоор шаардав.
Энэхүү баривчилгаа нь хоёр улсын хоорондох газар нутгийн маргаан болон Украины дайны улмаас харилцаа эрс муудсан үед тохиож байна. Орос улс өмнө нь 2023 онд АНУ-ын сэтгүүлч Эван Гершковичийг тагнуулын хэрэгт буруутган баривчилж, 16 жилийн ял оноосон ч түүнийг 2024 онд хоригдол солилцоогоор сулласан түүхтэй юм.
Дэлхийн хоёрдугаар дайны төгсгөлд ЗХУ эзлэн авсан Курилын арлуудаас Японы 17 мянга орчим иргэнийг тухайн үед албадан нүүлгэж байв. Улмаар Москвагийн эрх баригчид 2022 онд япончуудыг өвөг дээдсийнхээ шарилд зочлохыг зөвшөөрсөн тусгай хөтөлбөрийг цуцалснаар талуудын зөрчил улам гүнзгийрсэн байна.


