Өмнөд Солонгосын засгийн газар ноцтой гэмт хэрэгтэй тэмцэх арга хэмжээг хэлэлцэнэ

Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн Тамгын газар олон нийтийг цочроосон цуврал ноцтой гэмт хэрэг, тэр дундаа энгийн иргэд рүү хутга барин халдсан явдлуудтай холбогдуулан пүрэв гарагт засгийн газрын өргөтгөсөн хуралдаан зарлалаа.

Ерөнхийлөгч Ли Жэ Мёны өгсөн үүргийн дагуу зохион байгуулах тус уулзалтад Хууль зүй, Хүйсийн тэгш байдал, Эрүүл мэнд, Боловсролын яамд болон Цагдаагийн ерөнхий газрын удирдлагууд оролцож, гэмт хэрэгтэй тэмцэх нэгдсэн бодлогыг боловсруулахаар төлөвлөжээ. Энгийн иргэд болон гэр бүлийн харилцаатай хүмүүс рүү чиглэсэн хүчирхийлэл нийгэмд тулгамдсан асуудал болж байгаа тул засгийн газрын зүгээс урьдчилан сэргийлэх хатуу арга хэмжээ авах шаардлагатайг төрийн тэргүүн онцолсон байна.

Пүрэв гарагийн хурлаар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга барил, хохирогчдод үзүүлэх тусламж дэмжлэг болон гэмт этгээдүүдийн цахим бугуйвчны хяналтыг чангатгах зэрэг асуудлыг нэн тэргүүнд хэлэлцэнэ.

Энэ долоо хоногийн эхээр Сөүл хотын баруун хэсэгт орших Инчон хотын худалдааны төвд 59 настай эрэгтэй хутга барин халдаж, найман хүнийг гэмтээсэн явдал гарсан юм. Мөн өнгөрсөн долоо хоногт гэрлэлтээ цуцлуулахыг хүссэн эхнэрээ барьцаалж, хадам ээжийгээ хутгалж хөнөөсөн 20 гаруй насны залуу баривчлагджээ.

Ерөнхийлөгч Ли мягмар гарагт Инчон хотын Цагдаагийн газарт биечлэн очиж, хутгатай халдлагын талаар мэдээлэл авсныхаа дараа гэмт хэрэгтэй тэмцэх тусгай төлөвлөгөө боловсруулахыг холбогдох албаныханд даалгав.

Korea TimesKorea Times · Эх сурвалж