Израиль 2023 оноос хойш Палестины 2,000 гаруй хүүхдийг саатуулжээ

Израилийн цэргүүд 2023 оны аравдугаар сараас хойш Палестины 2,000 гаруй хүүхдийг саатуулсан тухай Палестины хоригдлуудын нийгэмлэг лхагва гарагт гаргасан тайландаа цохон тэмдэглэв. Одоогийн байдлаар 350 орчим хүүхэд Израилийн шоронд эрүү шүүлт, хоол тэжээлийн дутагдал, эмнэлгийн тусламж үгүйлэгдсэн маш хүнд нөхцөлд хоригдож байна.

Тус байгууллагын тайланд дурдсанаар, Израилийн эрх баригчид хүүхдүүдэд албан ёсоор ял тулгалгүйгээр дур мэдэн баривчилж, гэр бүл болон сурч боловсрох эрхийг нь бүрэн хасаж байна. Тухайлбал, Офер шоронд хоригдож байсан 15 настай Мохаммед Хамид арьсны халдварт өвчин тусч, улмаар хүнд халдварын улмаас нэг хөлөө тайруулжээ.

Мөн Мегиддо шоронд зургаан сар хоригдсон 17 настай Валид Ахмед 2025 оны гуравдугаар сард амиа алдсан бөгөөд өлсгөлөнгийн шинж тэмдэг илэрсэн ч шүүгч хэргийг хаасан байна. Түүнээс гадна тус шоронд хоригдож байсан АНУ-ын иргэншил бүхий залуус, тэр дундаа батлан даалтаар суллагдах шийдвэр нь цуцлагдсан 16 настай Адам Камакра болон хоригдох явцдаа 18 нас хүрсэн Сафи нарын хэргийг онцлов.

Дайн эхэлснээс хойш Израилийн тал Баруун эрэгт 25,000 гаруй палестин иргэнийг баривчилсан бол бүслэлтэд буй Газын зурвасаас хэдэн мянган хүнийг саатуулаад байна. Палестины хоригдлуудын нийгэмлэг олон улсын хамтын нийгэмлэгт хандан хүүхдүүдийг суллах, эрүүдэн шүүх явдлыг таслан зогсоох бодит арга хэмжээ авахыг уриаллаа.

Al JazeeraAl Jazeera · Эх сурвалж