Шашны үзэл бодлоосоо шалтгаалан инсулин тарихаас татгалзсан эцэг эхийнхээ хайхрамжгүй байдлын улмаас нас барсан найман настай Элизабет Страхсын үхлийг шалгах шүүх хуралдаан Квинсланд мужид үргэлжилж байна. Элизабет охин 2019 онд комонд орж үхлийн ирмэгт очсоноос хойш ердөө нэг өдрийн дараа хүүхэд хамгааллын ажилтан түүнийг 'аюулгүй' хэмээн буруу үнэлж байсныг шүүх хурлын үеэр мэдээлэв.
Квинсландын шүүх тухайн үед нэгдүгээр хэлбэрийн чихрийн шижинтэй зургаан настай охиныг Тувумба дахь эцэг эхийнх нь асрамжид буцаан үлдээх шийдвэр гаргасан хоёр ажилтны нэгнээс лхагва гарагт мэдүүлэг авлаа. Охин 2022 оны нэгдүгээр сарын 7-ны өдөр гэртээ нас барсан бөгөөд эцэг эх Керри, Жэйсон болон тэдний шашны жижиг бүлгэмийн гишүүд охиныг ер бусын хүчээр эдгэрнэ эсвэл амилна хэмээн залбирч байжээ.
Хүүхэд хамгааллын ажилтан 2019 оны долоодугаар сарын 17-нд охин чихрийн шижингийн кетоацидозын улмаас Тувумбагийн эмнэлэгт ухаангүй хүргэгдсэний дараа түүний гэрийн нөхцөл байдлыг шалгах үүрэг авсан байна. Гэвч охиныг Брисбэн хотын Квинсландын хүүхдийн эмнэлэгт шилжүүлснээс ердөө нэг хоногийн дараа туслах ажилтан анхны үнэлгээгээр түүнийг 'аюулгүй' гэж тэмдэглэжээ. Гэрч болсон ажилтан тухайн үед гэр бүлийн нөхцөл байдлын талаар мэдээлэл дутмаг байсан тул уг бүртгэлийг 'аюултай' гэж хийх ёстой байсныг хүлээн зөвшөөрөв.
Үүний дараа Элизабет охиныг хуулийн дагуу хамгаалалтад авах шаардлагатай хүүхэд хэмээн тогтоосон боловч албаныхан түүнийг гэрт нь үлдээх шийдвэр гаргажээ. 2021 онд эцэг Жэйсон, эх Керри нарыг охиндоо амьдралын зайлшгүй шаардлагатай тусламжийг үзүүлээгүй гэх үндэслэлээр буруутгаж, эхийг нь шоронд хорьсон байна. Брисбэн хотын хүүхдийн нарийн мэргэжлийн эмч нар эх нь анагаах ухаанд итгэдэггүй, гэмшсэн шинжгүй байгаа тул охиныг гэр бүлээс нь тусгаарлах шаардлагатай гэж удаа дараа сэрэмжлүүлсэн боловч албаныхан эсрэг шийдвэр гаргажээ.
Шүүх хурлын үеэр эмч хүүхэд хамгааллын ажилтанд санаа зовнилоо илэрхийлэхэд огт тоолгүй хана мөргүүлсэн мэт хандсаныг ярилаа. Харин хүүхэд хамгааллын ажилтан гэр бүлтэй байгуулсан сайн дурын богино хугацааны гэрээнд тулгуурлан охиныг гэрт нь үлдээх шийдвэр гаргасан бөгөөд аюулгүй байдлын төлөвлөгөө нь учир дутагдалтай байсныг хожим нь ойлгосноо хэлсэн байна. Тухайн үед эцэг нь охиндоо шаардлагатай инсулиныг өдөр бүр хийж өгөх амлалт өгсөн нь ийм шийдвэр гаргахад голлон нөлөөлжээ.
Эцэг Жэйсон эхэндээ эхнэрийнхээ шашны итгэл үнэмшилд эргэлзэж, охиндоо хоёр жилийн турш эмнэлгийн тусламж үзүүлж байв. Гэвч тэрбээр сүүлдээ тус шашны бүлгэмд элсэн, эмчилгээг зогсоох ятгалгад автаж, улмаар 2021 оны сүүлээр инсулиныг бүрмөсөн зогсоосноор охины аминд хүрсэн байна. Өнгөрсөн онд уг шашны сектийн удирдагч Брендан Стивенс тэргүүтэй нийт 14 насанд хүрсэн гишүүнийг охиныг хөнөөсөн хэрэгт буруутган ял оноожээ.