Их Британийн Баруун Английн Их Сургуулийн оюутан Зак Кофлан гэрийнхээ найз Жэйми Коллинзыг 30 удаа хутгалж хөнөөсөн хэрэгт буруутгагдаж байна. Бристолын шүүхэд мэдүүлснээр, Кофлан найзаа гэртээ ирэхийг хүлээж байгаад дайрчээ.
23 настай Зак Кофлан 2024 оны дөрөвдүгээр сарын 8-ны орой 18:00 цагийн орчимд 21 настай Жэйми Коллинзыг их сургуулийнхаа ойролцоох гэрийнх нь цэцэрлэгт отож байгаад хутгалсан байна. Кофлан хар хувцас өмсөж, маск, бээлий зүүсэн байжээ. Коллинз кампусаас дугуйгаар буцаж ирэх үедээ халдлагад өртсөн аж.
Халдлагын дараа Кофлан Коллинзын дугуйг унаж, ойролцоох худалдааны төвд хаяад, хувцсаа сольж, цустай хувцсаа цөөрөмд хаясан байна. Тэрээр шөнийн 21:00 цагийн орчимд гэртээ буцаж ирээд пицца хийж, найзуудтайгаа онлайн тоглоом тогложээ. Шөнийн 02:00 цагт буюу найман цагийн дараа Кофлан цагдаа дуудаж, найзынхаа цогцсыг цэцэрлэгээс олсон мэт дүр үзүүлсэн байна.
Прокурор Адам Вайтилингам К.С. шүүхэд мэдүүлэхдээ, Кофлан эхэндээ гэрчээр байцаагдаж байсан ч гэрт суурилуулсан хяналтын камерын бичлэг болон түүний гарт байсан шарх зэрэг нотлох баримтууд хуримтлагдахад сэжигтэн болсон гэв. Кофлан Коллинзыг хөнөөснөө хүлээн зөвшөөрсөн ч 'өөрийгөө хянах чадвараа алдсан' хэмээн хүн амины хэргийг үгүйсгэжээ.
Шүүх хуралд мэдээлснээр, Кофлан, Коллинз нар хоёул их сургуулийн төгсөх курсын оюутнууд байсан бөгөөд Кофланы эзэмшлийн байшинд хамт амьдардаг байжээ. Тэдний хооронд түрээсийн төлбөр болон Кофлан хэт өндөр үнээр түрээсэлж байна гэх маргаан гарч байсан ч шийдэгдсэн байсан гэж прокурор хэлэв. Найзуудынх нь мэдээллээр тэдний хооронд ноцтой асуудал байгаагүй бөгөөд хамтдаа тоглоом тоглож, гадуур гарч, энгийн оюутны амьдралаар амьдардаг байсан аж.