Чехийн нийслэл Прага хотод зул сарын баярын уур амьсгал оруулах зорилгоор олон мянган лед гэрлээр чимэглэсэн хог тээврийн машинуудыг 11 дүгээр сарын 29-ний ням гарагаас эхлэн үйлчилгээнд гаргав. 'Прагийн үйлчилгээ' (Pražské služby) компанийн эдгээр хоёр тусгай тэрэг 12 дугаар сарын 31-нийг дуустал өдөр бүр оройн 19:00 цагаас эхлэн Влтава голын хоёр эргийн чиглэлд хог цэвэрлэх ажлаа хийнэ.
Эхний машин голын зүүн эрэг дэх Прагийн цайз, Градчани, Мала Страна орчмын бүсээр явж үйлчлэх бол хоёр дахь нь баруун эрэг буюу Бетлемийн талбай, Нүүрсний зах, Жимсний зах, Марийн талбай зэрэг газруудыг хамрах юм. Байгалийн хийгээр ажилладаг 'Mercedes-Benz 1830 GL' загварын эдгээр машины чимэглэлийг нийслэлийн технологийн 'Technologie hlavního města Prahy' компанитай хамтран бүтээсэн бөгөөд нийт 200 гаруй метр урт кабель, 4400 орчим лед гэрэл ашиглажээ.
Баярын гэрлээр чимэглэсэн хог тээврийн машинууд нь хотын иргэд төдийгүй жуулчдын сонирхлыг татдаг улирлын чанартай уламжлалт үйл ажиллагаа болоод байна. 2021 онд анх эхэлсэн энэхүү санаачилгыг тус компани тав дахь жилдээ хэрэгжүүлж буй бөгөөд өнгөрсөн жилийн адил хоёр машинаар үйлчилгээ үзүүлж буйгаа онцоллоо.
'Прагийн үйлчилгээ' компанийн гүйцэтгэх захирал Патрик Романы хэлснээр, чимэглэсэн машинууд гудамжинд явахад иргэд, жуулчид зогсон зураг авч, сошиал сүлжээнд нийтлэх нь элбэг байдаг аж. Тэдгээр машин түүхэн дурсгалт төв хэсгээр голчлон зорчих хэдий ч хотын бусад хэсэгт ч харагдах боломжтой. Эдгээр нь ердийн хог цуглуулах үүргээ биелүүлж, цуглуулсан хогоо 'ZEVO Malešice' хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэрт хүргэдэг байна.
Түүнчлэн эдгээр машин нь баярын жагсаалын тэрэг биш, харин бодит ажил үүрэг гүйцэтгэж буй хог тээврийн хэрэгсэл тул иргэдийг аюулгүй зайгаа барьж, ажилд нь саад учруулахгүй байхыг холбогдох албанаас уриаллаа.


