Европын хууль сахиулах байгууллагууд Их Британи руу цагаачдыг хууль бусаар тээвэрлэдэг сүлжээг завин хэрэгслээр хангадаг гол нийлүүлэгчдийн нэгийг илрүүлэн шалгаж байгааг БиБиСи олон нийтэд мэдээллээ. Германы баруун хэсгийн Дортмунд хотын ойролцоо орших 'MaReBoote' компанийн захирал, 35 настай Марвин Ройтерийг гэмт бүлэглэлүүдэд завь, хөдөлгүүр тогтмол нийлүүлдэг байсан хэмээн сэжиглэж байгаа юм. Их Британийн албаныхны мэдээлснээр энэ оны дөрөвдүгээр сарын сүүлч хүртэл Ла-Маншийн хоолойг гаталсан нийт завины 29 хувь нь тус компанитай холбогджээ.
Францын хууль сахиулагчдын явуулсан шалгалтаар өнгөрсөн тавдугаар сар хүртэлх хоёр гаруй жилийн хугацаанд Ройтерийн компанийн лого бүхий дор хаяж 82 завь Британийн эрэгт хүрсэн баримт тогтоогдсон байна. Түүгээр ч барахгүй цагаачдын хөлөглөсөн завь дээр уг компанийн тэмдэглэгээ харагдсан хэвлэлийн гэрэл зургууд 2021 оны эхэн үеэс эхлэн нийтлэгдэж байв. Тухайн 2021 онд Ройтер өөрийнх нь зарсан техник хүний наймаачдын гарт орсныг мэдээд сэтгэл дундуур буйгаа илэрхийлж байсан бөгөөд Германы цагдаа нар худалдагчид хариуцлага тооцох хуулийн үндэслэлгүй гэж үзэж байжээ.
Гэвч Францын прокурор Самуэль Финиельц завь зарах нь хууль ёсны хэдий ч хүний наймаанд ашиглагдахыг мэдсээр байж нийлүүлбэл гэмт хэрэг болно гэдгийг онцлов. Үүний үндсэн дээр Францын талаас 2024 оны 12 дугаар сараас эхтэй гэмт хэргийн үйлдлүүдэд үндэслэн түүнийг баривчлах Европын баривчилгааны ордер гаргажээ. Ройтерийн нийлүүлсэн эвдрэл гэмтэлтэй завь, тоног төхөөрөмж хүний амь эрсэдсэн хоёр ч тохиолдолтой холбогдож, үүний улмаас дөрвөн хүн амиа алдсан нь мөрдөн байцаалтаар илэрсэн байна.
Энэ оны тавдугаар сард Францын цагдаа нар шалгалт хийж, чиргүүлтэй BMW машин дотроос хийлдэг завь, түлш зөөвөрлөж явсан Германы хоёр иргэнийг Булонь-сюр-Мер хотод саатуулжээ. Баривчлагдсан хүмүүс нэг удаагийн хүргэлтэд 1,000 евро буюу ойролцоогоор 830 фунт стерлингийн хөлс авдаг байснаа хүлээж, өөрсдийг нь Марвин Ройтер хөлсөлсөн болохыг мэдүүлсэн аж. Үүний дараа Германы цагдаа нар холбогдох ажиллагаа явуулж, Ройтерийг баривчлахын сацуу түүнтэй холбоотой нууц агуулахаас 30 гаруй хийлдэг завь, 9,000 орчим аврах хантааз хураан авсан юм.
Түүнчлэн Францад цагдан хоригдож буй хүний наймааны бүлэглэлийн удирдагчийн өрөөнд хийсэн нууц чагналтаар Марвин гэх герман эрэгтэйгээс завь худалдан авдаг тухай яриа тодорхой бичигджээ. Францад энэ хэрэгтэй холбогдуулан Иран, Ирак, Сирийн таван иргэнд аль хэдийн ял тулгаад байгаа бөгөөд Ройтерийг шилжүүлэн авахаар шаардаж байна. Харин Ройтерийн өмгөөлөгчид Францын шоронгийн ачаалал хэт ихэссэн гэх шалтгаанаар түүнийг шилжүүлэн өгөхийг эсэргүүцэж, шүүх хурлыг Герман улсад явуулахыг шаардаж байгаа аж.
Хууль бус цагаачлалтай тэмцэх эрх зүйн орчныг чангатгаж, хуулийн цоорхойг хаасны үр дүнд 2026 он гэхэд Ла-Маншийн хоолойгоор хууль бусаар нэвтрэх явдал мэдэгдэхүйц буурсан байна. Их Британийн Гэмт хэрэгтэй тэмцэх үндэсний агентлагийн дэд захирал Дэн Каннателла-Баркрофт хууль бус завьтай тэмцэхэд Германы оруулсан хүчин чармайлтыг өндрөөр үнэллээ. Гэвч хүний наймаачдын хэрэглэдэг ихэнх техник Хятадад үйлдвэрлэгдэн Туркээр дамжиж, Германы тээврийн дэд бүтцээр дамжин Франц руу хүрдэг тул тус улс гол зангилаа хэвээр үлдэж буйг тэрбээр анхааруулсан юм.


