Эдийн засгийн гүн хямралд нэрвэгдсэн Куба улсад дундаж наслалт 1950 оноос хойш анх удаа буурсныг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын тэргүүн мягмар гарагт мэдэгдэв.
Кубын нийслэл Хавана хотод ажиллах үеэрээ ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус тус улсын дундаж наслалт 2020 онд 78.8 жил байснаас 2025 онд 74.4 жил болж буурсныг онцоллоо. Энэ нь бүртгэл хөтөлж эхэлсэн 1950 оноос хойших анхны уналт юм. Дээрх тоон үзүүлэлт нь АНУ тус арал улсад шатахууны хатуу хориг тавихаас өмнөх үеийг хамарч байна.
АНУ зургаан арваны турш худалдааны хориг тавьж ирсэн бөгөөд нэгдүгээр сард шатахууны тээвэрлэлтийг хязгаарласнаар Кубын сүүлийн хэдэн арван жилд тохиогоогүй хямралыг улам хурцатгаж, нийгмийн үйлчилгээг сүйрлийн ирмэгт хүргэжээ. Тедрос хэвлэлийн бага хурал дээр Кубын эрүүл мэндийн салбарын нөхцөл байдал туйлын хүнд байгааг дүрслэн танилцуулав.
Түүний мэдээлснээр нялхсын эндэгдэл 2020 онд 1,000 амьд төрөлтөд ойролцоогоор дөрөв байсан бол 2025 онд 9.9 болж хоёр дахин өсжээ. Эхийн эндэгдэл мөн 2019 онд 1,000 төрөлт тутамд 37.4 байснаас өнгөрсөн онд 44.1 болж нэмэгдсэн байна. Түүнчлэн АНУ-ын зүгээс Кубад түлш нийлүүлсэн орнуудад хориг арга хэмжээ авахаар сүрдүүлснээс хойш хүүхдийн хорт хавдрын амьд үлдэх хувь 85 хувиас 65 хувь болж буурчээ.
ДЭМБ-ын тэргүүн Кубын хүүхдийн дархлаажуулалтын хөтөлбөр болон нэн шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмж худалдан авахад зориулж 2 сая ам.долларын тусламж үзүүлэхээр болсноо зарлав. Тэрбээр эрүүл мэндийн хямралыг гаднын хориг арга хэмжээнээс гадна дотоод асуудлуудтай холбон тайлбарлаж, Кубын эрх баригчид эдгээрийг шийдвэрлэхээр зах зээлийн өргөн хүрээтэй шинэчлэл зарлаж байгааг нааштай алхам гэж сайшаасан байна.


