Германы Канцлер Фридрих Мерцийн тэргүүлдэг Христийн Ардчилсан Холбоо (CDU) болон Бавари мужийн Христийн Нийгмийн Холбоо (CSU) намууд холбооны дараагийн Ерөнхийлөгчид нэгдсэн нэр дэвшигч гаргахаар тохиролцлоо. Германы томоохон хэвлэлүүдийн мэдээлснээр намуудын удирдлага Бавари мужийн парламентын спикер Ильзе Айгнерийн нэрийг дэвшүүлэхээр тогтсон байна. Фридрих Мерц Берлинд болох намын удирдлагын хурлаар түүнийг албан ёсоор санал болгох төлөвтэй байна.
Хэрэв 61 настай Ильзе Айгнер сонгогдвол дайны дараах Германы 13 дахь төрийн тэргүүн бөгөөд анхны эмэгтэй Ерөнхийлөгч болох юм. Мөн тэрээр CSU намаас төрийн тэргүүнээр томилогдсон анхны улс төрч болж түүхэнд бичигдэнэ. Германы Ерөнхийлөгчийн албан тушаал нь үндсэндээ бэлгэдлийн болон ёслолын шинж чанартай байдаг бол бодит улс төрийн гол эрх мэдэл холбооны канцлерт төвлөрдөг билээ.
Айгнер улс төрийн гараагаа 1994 онд Баварийн хууль тогтоох байгууллагаас эхлүүлж, улмаар 1998 онд Бундестагт сонгогдож байв. Дараа нь 2013 онд Бавари мужийн парламентдаа эргэн ирсэн бөгөөд урьд нь Ангела Меркелийн Засгийн газарт Хөдөө аж ахуйн сайдаар таван жил ажилласан туршлагатай юм. Харин одоогийн Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер 2017 оны гуравдугаар сард үүрэгт ажилдаа орсон бөгөөд хоёр дахь бүрэн эрхийн хугацаа нь удахгүй өндөрлөх гэж байна.
Эрх баригч эвслийн бага түнш болох Социал Демократ Нам (SPD) Айгнерийн нэр дэвших эрхийг бүрэн дэмжихээ мэдэгдлээ. Германы Ерөнхийлөгчийг 2027 оны нэгдүгээр сарын 30-нд хуралдах Холбооны хурал буюу 'Бундесферзаммлунг' хэмээх тусгай байгууллага сонгодог. Уг хуралдаанд Бундестагийн 630 гишүүн болон мужуудаас хувь тэнцүүлэн сонгогдсон 630 төлөөлөгч оролцох бөгөөд CDU/CSU болон SPD намууд нийлээд ойролцоогоор 50 суудлын олонхыг бүрдүүлж байгаа нь Айгнер сонгогдох магадлалыг улам бататгаж байна.


