Австралийн Тасмани мужийн парламент бэлгийн чиг баримжаа болон хүйсийн баримжааг хүчээр өөрчлөх, дарангуйлах оролдлогыг хориглох хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ. Тус муж нь Австрали дотроо уг үйлдлийг албан ёсоор хориглоогүй үлдсэн цөөн мужуудын нэг байсан юм. Ногоон намын зүгээс боловсруулсан энэхүү хуулийн төслийг Хөдөлмөрийн нам болон хүний эрхийн төлөө тэмцэгчид дэмжиж байгаа бөгөөд Либерал намын гишүүдэд өөрийн итгэл үнэмшлээр санал өгөх боломж олгожээ.
Тасманийн хуулийн шинэчлэлийн хүрээлэнгээс 2022 онд гаргасан тайланд ийм төрлийн дарамт тус мужид байсаар байгааг онцолж, хуулиар хориглох зөвлөмж өгсөн юм. Ла Троуб болон Маккуарийн их сургуулиудын хамтарсан судалгаагаар Тасманид амьдардаг ЛГБТКИА+ залуусын 20 тутмын нэг нь уг хүчирхийлэлд өртсөн нь тогтоогджээ. Мөн эдгээр иргэд сэтгэцийн гэмтлийн дараах хам шинжээр оношлогдох магадлал бусдаас 3.5 дахин, амиа хорлох оролдлого хийх эрсдэл бараг дөрөв дахин өндөр байгааг судалгаа харуулсан байна.
Хуулийн төсөлд зааснаар хувь хүний бэлгийн чиг баримжааг өөрчлөх, дарангуйлах, устгах зорилготой аливаа үйлдлийг хориглох бөгөөд тухайн хүн зөвшөөрсөн эсэх нь хамаарахгүй. Харин мэргэжлийн ёс зүй, хууль тогтоомжийн дагуу үзүүлж буй бүртгэлтэй эмнэлгийн үйлчилгээ, шашны итгэл үнэмшлийг тайлбарлах, нийтийн хэлэлцүүлэг болон эцэг эх хүүхэдтэйгээ нээлттэй ярилцах эрхийг хязгаарлахгүй байхаар тусгажээ.
Уг төслөөр бэлгийн чиг баримжаа өөрчлөх практикийн асуудал эрхэлсэн тусгай комиссарын албан тушаалыг бий болгох юм. Иргэд уг зөрчлийн талаар комиссарт гомдол гаргах эрхтэй бөгөөд хөнгөн зөрчлийг шалган шийдвэрлэх ажлыг комиссар болон захиргааны шүүх хариуцна. Харин санаатай үйлдлийн улмаас бусдын эрүүл мэнд, биед гэмтэл учруулсан тохиолдолд Дээд шүүхээр хэлэлцүүлж, эрүүгийн хариуцлага буюу хорих ял оноохоор тусгажээ. Мөн иргэдийг өөр муж руу авч явж уг практикт хамруулах болон энэ төрлийн үйлчилгээг сурталчлахыг гэмт хэрэгт тооцно.
Өмнө нь Викториа, Шинэ Өмнөд Уэльс, Квинсленд, Өмнөд Австрали болон Нийслэлийн нутаг дэвсгэр уг үйлдлийг хуулиар бүрэн хориглосон юм. Тасманийн төсөл нь Викториа мужийн загварт суурилсан бөгөөд орон нутгийн онцлогт тохируулан үндэслэлгүй гомдлыг хүлээн авахгүй байх зохицуулалтыг багтаажээ.
Хуулийн төслийг батлахад 18 гишүүний дэмжлэг шаардлагатай бөгөөд Ногоон намын 4, Хөдөлмөрийн намын 10 гишүүн дэмжихээ илэрхийлээд байна. Түүнчлэн бие даагч гишүүд болон Ерөнхий сайд Жереми Роклифф тэргүүтэй Либерал намын зарим сайд уг практикийг зогсоох байр суурьтай байгаа тул хууль батлагдах магадлал маш өндөр байна.


