Миний тохиргоо

Альберта муж Канадаас тусгаарлах бүх нийтийн санал хураалт явуулах эсэхээ шийднэ

Канадын газрын тосоор баялаг Альберта мужийн оршин суугчид тус улсаас салан тусгаарлах асуудлаар албан ёсны бүх нийтийн санал хураалт явуулах эсэхийг шийдэхээр даваа гарагт санал өгч эхэллээ. Энэхүү санал хураалтыг зохион байгуулах шийдвэрийг тус мужийн Ерөнхий сайд Даниэль Смит оны эхээр гаргасан юм. Түүний эл шийдвэр нь салан тусгаарлах бүх нийтийн санал хураалт явуулахыг шаардсан иргэдийн өргөдөлд 300,000 орчим хүн гарын үсэг зурсны дараа гарчээ.

Салан тусгаарлах хөдөлгөөнийг дэмжигчид Оттава дахь төв засгийн газрын байгаль орчны хатуу бодлого мужийн эдийн засгийн өсөлтийг боомилсон гэж үздэг. Тэд сүүлийн 10 жилийн хугацаанд Либерал намын засгийн газрууд газрын тос, байгалийн хийн салбарыг дэмжихээс илүүтэй ногоон бодлогыг урьтал болгосон бөгөөд тусгаарласнаар баялгаа өөрсдөө бүрэн эзэмших боломжтой гэж тайлбарлаж байна. Энэхүү хөдөлгөөнийг Боннивилл хотын галт зэвсгийн дэлгүүрийн эзэн Митч Силвестр болон Калгаригийн хуульч Жеффри Рат нар тэргүүлж байгаа юм.

Харин эсрэг байр суурьтай иргэд Канад улсын бүрэлдэхүүнд үлдэхийг уриалж, 400,000 гаруй хүний гарын үсэгтэй эсэргүүцлийн өргөдөл цуглуулжээ. Таван сая хүн амтай тус мужийн санал асуулгын дүнгээр иргэдийн олонх нь холбооны бүрэлдэхүүндээ үлдэхийг дэмжих хандлагатай байна. Тусгаарлалтыг эсэргүүцэгчид шинээр байгуулагдах улс олон тэрбум долларын өр төлбөр хариуцаж үлдэнэ гэдгийг сануулж, энэ нь 2016 оны Их Британийн Брекситтэй ижил тодорхойгүй байдал үүсгэж, хөрөнгө оруулалт болон ажлын байрыг дайжуулна гэж сэрэмжлүүлэв.

Канадын Ерөнхий сайд Марк Карни иргэдийг эв нэгдлээ хадгалан салан тусгаарлахын эсрэг санал өгөхийг уриаллаа. Тэрбээр пүрэв гарагт болсон цуглаан дээр хэлсэн үгэндээ, дэлхий дахин улам бүр аюултай, хуваагдмал болж байгаа энэ үед гаднын хүчин зүйлс улс орныг нь бутаргахыг оролдож буйг анхааруулсан бөгөөд энэ нь АНУ-тай хийж буй худалдааны сөргөлдөөнтэй шууд холбоотойг онцолсон байна.

Шүүхээс уугуул иргэдтэй зөвшилцөөгүй гэдэг үндэслэлээр салан тусгаарлах өргөдлийг түдгэлзүүлсэн хэдий ч Ерөнхий сайд Смит санал хураалтыг зогсоогоогүй юм. Уугуул иргэдийн төлөөлөл түүний эл алхмыг ардчилсан бус хэмээн шүүмжилж байна. Өөрөө салан тусгаарлахын эсрэг байр суурьтай Альбертагийн Нэгдсэн Консерватив намын дарга Смит иргэдэд өөрсдийн санал бодлыг илэрхийлэх боломж олгох үүднээс энэхүү алхмыг хийсэн хэмээн өөрийгөө өмгөөлжээ.

Хэрэв даваа гарагт иргэд хууль ёсны бүх нийтийн санал хураалт явуулахыг дэмжвэл тус үйл явц 2027 он гэхэд бодитоор хэрэгжих боломжтой. Оршин суугчид салан тусгаарлахаас гадна цагаачлалын бодлогыг мужийн мэдэлд авах зэрэг нийт есөн асуудлаар давхар санал өгч байна. Орон нутгийн цагаар даваа гаргийн 20:00 цагт санал хураалт хаагдах ба сонгуулийн хороо хуудсуудыг гараар тоолж, салан тусгаарлах гол асуултын урьдчилсан дүнг мягмар гаргийн өглөө эрт зарлахаар төлөвлөжээ.

BBC NewsBBC News · Эх сурвалж