Хусит бүлэглэл ‘Saudi Aramco’ болон нисэх буудлуудад дахин цохилт өгөхөө мэдэгдэв

Йемений хусит босогчид Саудын Арабын төрийн өмчит 'Saudi Aramco' компанийн байгууламжууд болон нийслэл Эр-Рияд хотод пуужингийн цохилт өгснөө лхагва гарагт зарлав. Ираны дэмжлэгтэй тус бүлэглэл тус хаант улсын нисэх буудлууд болон газрын тосны дэд бүтэц рүү чиглэсэн халдлагаа эрчимжүүлнэ гэдгээ анхааруулаад байна.

Эх сурвалжуудын мэдээлснээр зүүн бүсийн Дахран хот дахь 'Saudi Aramco' компанийн төв цогцолборт мягмар гаргийн шөнө цохилт өгсний улмаас хэд хэдэн давхарт гал түймэр гарчээ. Саудын Арабын Эрчим хүчний яам уг явдлыг бага хэмжээний гал хэмээн тодорхойлсон бөгөөд газрын тосны олборлолт, үйл ажиллагаа хэвийн үргэлжилж, ажилтнууд гэрээсээ ажиллаж эхэлсэн байна. Дахран дахь цогцолбор нь тус компанийн хуурай замын болон далай дахь өрөмдлөгийн байгууламжууд, дамжуулах хоолой, боловсруулах үйлдвэрүүд, экспортын терминалуудыг удирддаг гол цэг юм.

Хуситуудын цэргийн хэвлэлийн төлөөлөгч Яхья Сари Дахран дахь 'Aramco'-гийн байгууламж, Эр-Риядын олон улсын нисэх буудал болон газрын тос боловсруулах үйлдвэрт баллистик пуужин, далавчит пуужин, нисгэгчгүй онгоцоор цохилт өгснөө мэдэгдлээ. Тэрбээр олон улсын тээврийн компаниуд, энгийн иргэд болон ажилтнуудыг Саудын Арабын нисэх буудал, газрын тосны объектуудаас нэн даруй холдохыг уриалсан байна.

Сүүлийн долоо хоногт халдлагын давтамж эрс нэмэгдсэн бөгөөд хааны нэрэмжит 'Халид' олон улсын нисэх буудалд бямба гарагт болсон дайралтын улмаас 13 хүн амь үрэгдсэн нь сүүлийн арван жилийн хамгийн ноцтой хохирол болов. Үүний улмаас эрх баригчид тус нисэх буудлыг аравдугаар сарын 17 хүртэл хааж, агаарын тээврийн компаниуд Саудын Араб чиглэлийн нислэгүүдээ цуцалжээ. Мөн лхагва гарагт нийслэл хотыг чиглэсэн баллистик пуужинг Саудын Арабын агаарын довтолгооноос хамгаалах хүчин амдан устгасан байна.

Энэхүү сөргөлдөөн нь угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салманы эдийн засгийг төрөлжүүлэх, газрын тосны хамаарлыг бууруулах зорилготой хөгжлийн бодлогод томоохон цохилт болж байна. НҮБ-ын зуучлалаар 2022 онд байгуулсан гал зогсоох хэлэлцээр зөрчигдөж, хуситууд өнгөрсөн сард Улаан тэнгисийн эрэг болон стратегийн ач холбогдолтой Баб-эль-Мандебын хоолой руу гэнэтийн давшилт хийснээр Саудын тэргүүлсэн эвсэл цэргийн ажиллагаагаа дахин сэргээсэн юм.

Дайн эрчимжиж байгаатай холбогдуулан Олон улсын Улаан загалмайн хороо Йемен даяар эмнэлгүүдийн ачаалал эрс нэмэгдэж буйг мэдээлэв. Түүнчлэн НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөр хуситуудад бүслэгдсэн Таиз хотод тусламж хүргэх боломжгүй болсныг сэрэмжлүүлж, тус хотод байгаа 200,000 эмэгтэй, хүүхэд зэрэг 600,000 гаруй хүн хүмүүнлэгийн тусламж авах боломжгүй болоод буйг онцоллоо.

France 24France 24 · Эх сурвалж