Хайбер-Пахтунхвад онц байдал тогтоов: Афганистантай харилцах харилцаанд хэрхэн нөлөөлөх вэ?

Пакистаны холбооны засгийн газар баруун хойд нутгийн Хайбер-Пахтунхва мужид онц байдал тогтоож, захиргааны шууд удирдлагад шилжүүлснээ ням гарагт албан ёсоор мэдэгдлээ. Ерөнхий сайд Шехбаз Шарифын танхим уг шийдвэрээ зөвтгөхдөө орон нутгийн засаг захиргаа Пакистаны Талибан бүлэглэл буюу ТТП-тэй сүлбэлдэн ажиллаж байсан хэмээн тайлбарлав.

Хайбер-Пахтунхва муж нь 2023 онд авлигын болон бусад хэргээр хоригдсон ерөнхий сайд асан Имран Ханы улс төрийн гол түшиц газар юм. Түүний тэргүүлдэг 'Техрик-е-Инсаф' нам тус мужийг олон жил удирдсан бөгөөд холбооны засгийн газрын шийдвэрээр орон нутгийн сонгогдсон засаглалыг бүрэн түдгэлзүүлээд байна.

Хууль зүйн сайд Атаулла Тарарын мэдээлснээр онц байдал тогтоосноор аюулгүй байдлын хүчин терроризмтой тэмцэх ажиллагааг илүү үр дүнтэй зохион байгуулах боломж бүрдэнэ. Харин Имран Ханы намын төлөөлөгч Саед Зулфикар Бухари энэ алхмыг онц байдлын нэрээр халхавчилсан төрийн эргэлт хэмээн эрс буруушаалаа.

Шинэ зохицуулалтын хүрээнд мужийг шинэ амбан захирагч болон зөвлөх зөвлөл эхний ээлжинд зургаан сарын хугацаатай шууд удирдах болжээ. Пакистаны эрх баригчид онц байдлын хүрээнд бүс нутагт нэмэлт цэргийн анги, байлдааны техник хэрэгслийг байршуулах шийдвэрийг зэрэг гаргаад байна.

Энэ оны нэгдүгээр сараас хойш Пакистанд 2,800 гаруй удаагийн зэвсэгт халдлага гарч, 3,000 орчим иргэн амь үрэгдэж, бэртсэн байна. Исламабадын зүгээс хэт даврагчдын халдлагад Афганистаны талыг буруутгаж, Кабулын эрх баригчдаас ТТП бүлэглэлийн эсрэг бодит арга хэмжээ авахыг шаардсаар иржээ.

Судлаачдын үзэж буйгаар тус мужид тогтоосон онц дэглэм нь Пакистан, Афганистан хоорондын хилийн зэвсэгт мөргөлдөөнийг улам дэвэргэж болзошгүй байна. Мөн орон нутгийн сонгогдсон засаг захиргааг хүчээр буулгасан явдал нь иргэдийн эсэргүүцлийг өдөөж, алан хядах ажиллагааны эсрэг тэмцлийг төвөгтэй болгох эрсдэлтэйг шинжээчид анхаарууллаа.

Deutsche WelleDeutsche Welle · Эх сурвалж